Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон бусад эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн  Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон тус сургуулийн Боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка, Ази, Номхон далайн судалгааны төвийн дэд захирал бөгөөд Японы хөтөлбөрийн захирал Киёотерү Цүцуй, Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал Шерилл Алипио, докторант Мари Вако нарыг  хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтыг хамтран  зохион байгуулж буй нь хамтын ажиллагааны цар хүрээг харуулж байгааг онцлоод,  чуулга уулзалтыг зохион байгуулахад Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судлалын төв (АPARC) болон Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ажиллаж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцыг түргэсгэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Мөн тэрбээр Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судлалын төв байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаад баяр хүргэсэн.   



Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлж, энэхүү зорилтод хүрэхэд түлхэц болох чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Алтай судлалыг дэмжиж, соёл, түүхийн хэлхээ холбоотой ард түмэн нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхлынхоо дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтдаа урагшлах боломжийг бүрдүүлэхэд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт чухал  ач холбогдолтой юм хэмээн онцоллоо гэж  УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл