Цэс

Холбоо барих

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Улаанбаатар хотноо маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын талаар Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.12) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ жилийн чуулга уулзалтаар “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” гэсэн сэдвийн хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа мэдээллийнхээ эхэнд дурдаад, Монгол Улс НҮБ-ын өмнө Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өндөр зорилт тавин ажиллаж байгааг онцлов. Тогтвортой хөгжлийн эрэлхийлж байгаа улс орон бүр жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд заавал ахиц дэвшил гаргах ёстой, учир нь орчин цагт хөгжил дэвшлийг хүний хөгжлөөр буюу ард иргэд нь хэр эрүүл, боловсролтой, хүүхэд, залуус нь хэр ёс зүй, төлөвшилтэй, өрсөлдөх чадвартай байна гэдгээр хэмждэг болсон тул эмэгтэйчүүдийн, ээжүүдийн оролцоо туйлын чухал хэмээн тэрбээр тэмдэглээд чуулга уулзалтад оролцож өндөр, дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг дурдлаа.

Чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Гы Мун, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын зэрэг нийт 10 орны 52 нэр хүндтэй төлөөлөгч хүрэлцэн ирэх ажээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, өнгөрсөн онд БНСУ-д уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчны тогтвортой байдлын сэдвээр болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хамт үндсэн илтгэгчээр оролцохдоо ирэх жилийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргасан тухай танилцуулж, КОВИД-19 цар тахлын дараа дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг хэрэг зөрчил, хүчирхийлэл нэмэгдэж, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад тулгамдсан асуудал болж байгаа тул Улаанбаатарын чуулга уулзалт Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ихээхэн чухал болохыг дурдав.

Чуулга уулзалтад бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг Монгол Улсын эрдэмтэн судлаач нар, оюутнуудтай хамтран хэлэлцэж байгаагаараа онцлог болохыг тэрбээр чухалчлаад, эдүгээ хөгжлийн бүхий л асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаатайгаар авч үздэг болсон хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан цар тахал болон геополиткийн хүндрэлтэй асуудлуудаас болоод хэрэгжилт нэлээд удааширч, хойшилж байгаа нь Монгол Улсын хувьд ч анхаарал хандуулах шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна гэсэн юм.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж оролцож, чуулга уулзалтын хүрээнд “Алтай судлал”-ын асуудлаар эрдэм шинжилгээний хуралдаан, яриа хэлэлцээ өрнүүлэхээр төлөвлөж буйг товч танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл