Цэс

Холбоо барих

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа.

“Алсын алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, аймаг орон нутагт үйлдвэрлэл технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох, цаашлаад хот суурин газарт шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж, хуучин хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар нэмэгдэж, салбар системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгтэйгээр өвлийн оргил ачааллыг давж байгаа гэдгийг сайд танилцуулав.


“Шинэ сэргэлтийн бодлого”-д хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 450 мегаватт хүчин чадал бүхий “Таван толгой” цахилгаан станц, 400 мегаватт хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станц,  300 мегаватт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулах, Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслүүдийг төлөвлөсөн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нүүрсний эрчим хүчний эх үүсвэрт зориулсан санхүүжилт хумигджээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хилийн чанадад нүүрсний эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, санхүүжүүлэхээс татгалзах бодлогыг 2021 оны есдүгээр сард илэрхийлсэн юм. Монгол Улс эрчим хүчний анхдагч нөөц баялагтаа тулгуурлан суурь ачааллын горимд ажиллах том чадлын дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэрийн хязгаарлалт, олон улсын худалдаа, бизнес, тулгарч буй цар тахлын нөлөө, үнийн өсөлт зэргээс шалтгаалан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болсныг Б.Жавхлан сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ танилцууллаа.

Иймд нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц барих болон өргөтгөх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах, дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулжээ. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан эрчим хүчний чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулааны хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор авах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийг нь албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаарх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ноогдох татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.


Эрчим хүчний нэгдсэн систем тогтвортой үйл ажиллагаатай том чадлын станцууд холбогдсоноор сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг холбох техникийн боломж бүрдэж, системийн оновчтой бүтэц бий болох ач холбогдолтой гэв. Татварын өөрчлөлт, хөнгөлөлт эдлүүлэх хугацааг цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжлэх хугацаатай уялдуулан 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар хуулийн төслүүдэд тусгажээ.  

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь дэмжсэн байна.



Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Батсуурь, Н.Учрал нар асуулт асууж, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь нь дэмжив. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас 2023 зургадугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулсан.


Нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцуудын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн бараа материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвар болон холбогдох бусад албан татвараас чөлөөлөх, хөнгөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Дээрх татваруудаас тодорхой хугацаанд чөлөөлөх, хөнгөлөх нь эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас оруулах хувь нэмэрт тооцогдох бөгөөд хөрөнгө оруулагч нарт ихээхэн дэмжлэг болно гэж үзэж, төслийг боловсруулжээ.


Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд 38.1.21 дэх заалт нэмэхээр буюу Засгийн газраас энэ хуулийн 40.5-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөхөөр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаватаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн зохицуулалтыг шинээр нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд дээрх 2 заалт, хэсэг нэмсэнтэй холбоотой мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн дугаарыг “40.6” гэж, мөн хэсгийн “40.4-т” гэснийг “40.4, 40.5-д” гэж тус тус өөрчлөх юм байна. Хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 3-5 жил үргэлжлэхийг харгалзан 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тооцсон байна.

Төсвийн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн болохыг Х.Баделхан гишүүн танилцууллаа. Тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхи нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 62.8 хувь нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.


Монгол Улсын Их Хурлын 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг анх баталж, 2022 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19,049.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 5,359.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувийн алдагдалтай байхаар заажээ.  

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогоос шалтгаалсан сорилт, тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг Сангийн сайд дурдав. Олон улсын валютын сангийн тооцооллоор дэлхийн эдийн засаг 2023 онд 2.8 хувиар, 2024 онд 3.0 хувиар өсөж, ирэх 5 жилийн өсөлт 3 орчим хувь буюу сүүлийн 20 жилийн дундаж болох 3.8 хувиас бага байх төлөвтэй байгаа аж.


Засгийн газраас экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, цаашид эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байгааг хэллээ.  

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц 10 хувиас дээш түвшинд байгаа тул Засгийн газраас инфляцын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгосон гэв. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас шалтгаалан Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тpусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг үүсгэсэн гэдгийг Б.Жавхлан сайд танилцуулсан.

Төсвийн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Монгол улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхи нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 64.4 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “….Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасны дагуу Хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүний 83.7 хувь нь дэмжиж, баталсан юм. Мөн “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Улсын Их Хурлын 43 гишүүн дэмжиж, хуралдаан оролцсон гишүүдийн 87.8 хувийн дэмжлэгтэйгээр хуулийн төсөл батлагдав.

Төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд танилцууллаа

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг танилцуулах илтгэлийг Ерөнхий сайд, төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулав.


2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарчээ. Эдийн засгийн нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг аж. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдав.  

Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давсан байна.  

Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг тэрбээр илтгэлдээ дурдсан юм.


Төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Давж биелж буй 1.7 их наяд төгрөгийн төсвийн орлогыг нийслэлийн түгжрэлийг шийдэх “Холбоос зам”-ын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгож байгаа гэв. Мөн энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгажээ. Улсын Их Хурал хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Түүнчлэн тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгажээ. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохоор төсвийн тодотголын төсөлд тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголын төслийн талаарх илтгэлдээ онцолсон. (бүрэн эхээр эндээс)


Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2023 оны зургадугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн аудитын байгууллагаас дүгнэлт гаргасныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байгаа гэлээ. Мөн Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2023 онд 65 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан гэлээ. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зардалд нийт зарлагын дийлэнхийг төлөвлөж байгаа нь иргэдийн амьжиргааг дэмжих эерэг талтай байгаа ч 2023 оны батлагдсан төсвийг алдагдалгүй байлгах боломж буйг, мөн нэмэгдэж буй энэ зарлага нь байнга гарах зардал бөгөөд үүнийг санхүүжүүлж буй эх үүсвэр, төсвийн орлого нь тасралтгүй байх боломж буй эсэхэд эрсдэл өндөр байгааг анхаарч үзэх, мөн Төсвийн тухай хуульд төсвийн тодотгол хийх зохицуулалтыг илүү тодорхой, нарийвчлан зохицуулах зэрэг анхаарах асуудлууд байгааг аудитын дүгнэлтэд дурдлаа.


Гишүүд энэ хуулийн төсвийн төслийн талаарх илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, хүүхдийн байгууллагын бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангаж, хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжиж байгаад талархал илэрхийлсэн. Тэрбээр хүүхдийн байгууллагыг мэргэшсэн, хараат бус хүний нөөцтэй байлгах чиглэлд онцгой анхаарал хандуулахыг хүсэв. Төсвийн тодотголын төсөлд эрүүл мэндийн салбарын санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг Ж.Чинбүрэн гишүүн тодотгоод, үүнд алслагдсан, хүн ам цөөтэй сум, суурин газрын эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг нэмэгдүүлэх тооцоолол туссан эсэхийг тодруулав. Төсвийн тодотгол хийж буйтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудад олгож байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар олгож байгаа тарифт өөрчлөлт орно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэллээ. Хэд хэдэн асуудал шийдэгдэх бөгөөд үүний дунд алслагдсан, хүн ам цөөтэй суман дахь эрүүл мэндийн байгууллагад олгох гүйцэтгэлийн санхүүжилтийн тарифт өөрчлөлт орж байгаа, ирэх сарын 01-ний өдрөөс хэрэгжилт эхэлнэ гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн нэмэгдлийн талаар лавлаж асуусан. Энэ удаа төсөвт 1 их наяд 896.1 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэж байгааг Сангийн сайд онцлон тэмдэглэв. Үүний тэн хагас буюу 994,6 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдах аж. Төрийн албан хаагчдын суурь цалин нь 1 сая орчим төгрөгт дундажлагдах, соёл, спортын салбарын төрийн албан хаагчдын цалин 40 хувь нэмэгдэж байгаа аж. Төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувь, нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 30-40 хувь нэмэгдэхээр хамгийн багадаа 750 мянган төгрөг болох аж.  Энэ бүх цалингийн өөрчлөлтүүд бол долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Тэтгэврийн хувьд, олон жил яригдаад шийдэж чадахгүй байсан асуудал шийдэгдсэн гэдгийг Б.Жавхлан сайд хэлэв. Жишээлбэл, ижил мэргэжилтэй хоёр хүний нэг нь 1990 онд тэтгэвэр гаргахдаа тухайн үеийн дундаж цалин 500 төгрөгөөс тэтгэврээ тооцуулдаг. Ижил мэргэжилтэй нөгөө хүн 2022 онд 1-1.1 сая төгрөгийн цалингаас тэтгэврээ тооцуулсан. Тэгвэл итгэлцүүрээр тооцож, тэтгэврээ тооцуулах боломжтой болох юм гэдгийг хэллээ. Энэ удаагийн тэтгэврийн өөрчлөлтөөр тэтгэвэр авдаг хүн нэг бүрийн тэтгэвэр зохих хэмжээгээр нэмэгдэж байгаа гэдгийг Б.Жавхлан сайд хэлсэн.




Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсвийн алдагдлын тооцоолол, төлөвлөлтийн талаар тодруулсан бол С.Ганбаатар гишүүн амьжиргааны өртөгтэй уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлэх, аймгуудын төсвийн татаасын ялгааны талаар тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Т.Энхтүвшин нар тэтгэврийн зөрүүг цэгцлэх, инфляцыг тогтоох чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар лавласан бол Д.Сарангэрэл гишүүн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн авлигалын эсрэг арга хэмжээ үр дүнд хүрснээр хагас жилд 1.7 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буйг тодотгоод, тэтгэврийн зөрүүг арилгах талаар тодруулж, хариулт авсан.


Төсвийн тодотголын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр завсарлуулав. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл