“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж өөрчлөн найруулсан бөгөөд тус хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөх ажээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж заасан байна. Мөн тус хуульд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны дотор, холбогдох бусад хууль тогтоомжийн өөрчлөлтийг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заажээ.
Эмхэтгэлийн тус дугаарт Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Ганбаатарын Мягмарсүрэнг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ. Мөн Ганбаатарын Уртнасанг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тус албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бол Ганбатын Мөнхтулгыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тус албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн мөн дугаарт нийтлэгдсэн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам”-ыг баталсан байна. Энэ журмаар Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.