Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Дэлхийн цаатны холбооны ерөнхийлөгч Х.С.Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.06.07) Дэлхийн цаатны холбоотны ерөнхийлөгч Харючи Сергей Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар 2026 онд манай улсад зохион байгуулагдах Дэлхийн цаа буга маллагчдын VIII чуулга уулзалтын бэлтгэл ажлыг төлөвлөж, зохион байгуулалтын хүрээнд харилцан санал солилцсоноос гадна холбооны үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээллээс танилцуулсан юм. Уулзалтын эхэнд Улсын Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, цаатан ард түмний хамтын ажиллалааг бэхжүүлж, уламжлалт мэдлэгийг баримтжуулах, тогтвортой аж ахуйг хадгалан хөгжүүлэх зорилго бүхий Дэлхийн цаатны холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэхийн ялдамд цаа буга маллагчдын VI чуулга уулзалтын талаар онцлон тэмдэглэв. Тэрбээр үргэлжлүүлэн, 2017 онд Швед улсын Ёокмокк тосгонд зохион байгуулагдсан Дэлхийн цаа буга маллагчдын VI чуулга уулзалтад оролцож, Монголын цаа бугын сүргийн тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, цаатан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг чадахижуулах, маллагааны шинэ арга технологийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоныг дурдлаа.  Дэлхийн цаатны холбоотны ерөнхийлөгч Харючи Сергей Николаевич, цар тахлын улмаас өнгөрсөн VII их хурал хосолмол хэлбэрээр явагдаж, алс бүс нутгийн цаатан түмний төлөөлөл цахимаар оролцсон бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтыг өргөн цар хүрээнд зохион байгуулах болсонд таатай байгаагаа илэрхийллээ. Түүний хувьд 2017 оноос хойш Дэлхийн цаа буга маллагчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Оросын хойд нутгийн уугуул иргэдийн нийгэмлэгийг 16 жилийн турш тэргүүлжээ.


Өнөөдрийн байдлаар дэлхий дээр гаршуулсан буюу тэжээвэр цаа буга маллан аж төрдөг 24 өөр уугуул ард түмэн байдаг төдийгүй бүс нутгийн хувьд Швед, Финланд, Норвеги, Орос, Хятад, Монгол, АНУ-ын Аляск, Канад, Грийнланд, Шотланд зэрэг туйлын тойрог болон хойд туйлын дэд бүс орчмоор нутагладаг байна. Түүнчлэн нийт 2.5 сая орчим гаршуулсан цаа бугыг 100000 гаруй хүн маллаж аж төрдөг бөгөөд цаатан ард түмэн хил дамнасан иргэд хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, 1997 онд Дэлхийн цаатны холбоог байгуулжээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн цаа буга маллагчдын чуулга уулзалт нь цаатан уугуул бүх ард түмнийг хамардаг ба уг хурлаар цаа бугын аж ахуйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна цаа буга маллагааны арга барил, тэргүүн туршлагуудыг солилцож, цаатнуудын соёлын өвийн уламжлалт илэрхийллийг таниулан хамгаалахад чиглэдэг ажээ. Ирэх 2026 онд Дэлхийн цаа буга маллагчдын VIII чуулга уулзалтыг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тус сумын нутаг, баруун зүүн тайгад нийт 80 орчим өрхийн 360 гаруй цаатан иргэд аж төрдөг бөгөөд цаа бугын тоо толгой 2497-д хүрчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл