Цэс

Холбоо барих

ИЦББХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.06.07) хуралдаан 11 цаг 15 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.  

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1-д “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.” гэж, 4.1.1-д “Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна.” гэж, 4.4.11-д “Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах” зорилтыг дэвшүүлсэн талаар дурдав.   

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.3 дахь заалтын 1 дүгээр үе шат (2021-2030)-ын 4-т “Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна.” гэж, 5-д “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ.” гэж, 9.4 дэх заалтын 1 дүгээр үе шат (2021-2030)-ын 3-т “Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно.” гэж тус тус заасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэн баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулиар хүн, хуулийн этгээд төрийн байгууллагад цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэлд түргэн, шуурхай хандах, мэдээлэл эрэх, хайх, олж авах нөхцөлийг бүрдүүлэх, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээг цахим орчны дэд бүтэц, техник, технологийн суурь, дундын нөөцөд тулгуурлан цахим хэлбэрээр хүргэх, дамжуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой харилцааг зохицуулж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Цаасан болон хуульд заасны дагуу цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.” гэж, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй нэгэн адил хүчинтэй байна.” гэж тус тус зааж цахим баримт бичгийн эрх зүйн хүчин чадлыг сайжруулж, иргэний мэдээлэл авах эрхийг бэхжүүлсэн, мөн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр баталсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд цахим болон цаасан баримт бичгийг үйлдэх, илгээх, хүлээн авах талаарх зохицуулалтуудыг тусгаж цахим үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн байна. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал энэхүү цахимаар харилцах нөхцөлийг бусад салбарын хуулиудад адилтган тусгаж, хүлээн зөвшөөрөх замаар хууль хоорондын нийцлийг хангаж, практикт үүсээд байгаа зөрүүтэй ойлголтыг арилгах зайлшгүй хэрэгцээ шаардлага нэгэнт үүсч буйг онцлов.

Хэдийгээр цахим хэлбэрээр харилцах, цахим баримт бичиг үйлдэж болох тухай Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд тусгасан боловч цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байхаар заасан боловч цаасан болон цахим хувь хоорондоо зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтлахаар заасан зэргээс хамаарч байгууллагууд цахимд шилжсэн ч цаасан хэлбэрийг давхар хадгалж, бодит байдал дээр цахим шилжилт нь хурдасгуур биш давхар ачаалал болж хувирч байгаа тохиолдлууд байгаа аж.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлаас баталсан цахим хөгжлийг дэмжсэн багц хуулиудын хүрээнд буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг хамааруулж ойлгохоор заагаад, харин бусад салбарын хуульд “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг тооцож, ойлгож байгаа нь тухайн хуульд заасан мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр давхар хүргэхэд хууль хоорондын нэр томьёоны зөрүүтэй байдлыг үүсгэж, Монгол Улсын үндэсний цахим шилжилтийг удаашруулах, үл ойлголцох нөхцөл байдалд хүргэж байгааг шийдвэрлэх цаг нь болсон талаар дурдав. 

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.24 дэх заалтад “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулна.” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд өөрчлөлт оруулж байгаа хууль тус бүрд үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй.” гэж тус тус заасны дагуу холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан аргачлалыг баримтлаагүйг дурдав.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан төсөл санаачлагчаас Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой 120 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан, ингэснээрээ цахим шилжилтийг бүрэн хийх боломжтой эсэх, цахим албан хэрэг хөтлөлтийн системийг бүх төрлийн байгууллагуудад нэвтрүүлэх үү, цахим баримт бичгийг цахим системд хадгалах зохицуулалтыг хэрхэн хийсэн бэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ямар түвшинд хэрэгжиж байна вэ, арилжааны банкууд Е-Mongolia системийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь иргэдэд хүндрэл учруулж байгааг хэрхэн шийдвэрлэсэн бэ, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Газрын сантай холбоотой мэдээллээс харахад зарим бүсэд эзэмшигч төдийлөн тодорхойгүй байна, иймд илүү тодорхой, ард иргэдэд нээлттэй болж чадах уу, боловсролын салбарт маш их баримт хадгалдаг, үүнээс улбаалан архивын асуудал хөндөгддөг тул энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, сонгуулийн хуультай холбогдуулан Үндэсний бүртгэлийн дата системийг Монгол Улсын өнцөг булан бүрт нэг өдөр хэрэгжүүлэх боломж хэр байна вэ, сонгуулийн сурталчигаа хийх зорилгоор нийгмийн сүлжээнд ихээхэн мөнгө зарцуулдаг, иймд сонгуулийн мэдээлэл, сурталчилгааг иргэдэд дамжуулах шийдэл байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авав.  

Улсын Их Хурлын гишүүдийн асуулттай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд, цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ хэмээн заасан ч бусад хуулиудад хэрэв цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэйгээ зөрчилдвөл цаасан баримт бичгээ баримтална гэж заасан тул байгууллагууд цахимаар баримт бичгээ солилцож байгаа ч гэсэн зайлшгүй хэвлэж хадгалдаг байдал одоо хүртэл байгаа нь нэг ажлыг хоёр хийж байна гэсэн үг. Мэдээллийн сангуудийн зөрүүтэй байдал их байна. Жишээ нь, Жолоочийн даатгалын сан, Газрын мэдээллийн сан зэрэг нь Төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдоогүй байна. Энэ хуулийн хүрээнд Нийтийн мэдээлэл солилцооны системтэйгээ эдгээр мэдээллийн сангуудыг холбож өгөх юм. Нэг ёсондоо интеграцыг хангаж өгөх эрх зүйн боломжийг нээж өгнө. Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрөөд, хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзнэ гэж дагалдах хуулиудаар зохицуулж өгч байгаа. Иймд цахим баримт бичиг бол хууль ёсны хүчин чадалтай гэдгийг давхар хуульчилж өгвөл баримт бичгийг хэвлээд байх шаардлагагүй болно.  Зарим төрлийн гэрээг цахим хэлбэрээр байгуулах боломжийг Иргэний хуульд нийцүүлэн бий болгоно. Жишээлбэл, Патентын хуулиар шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг ашиглуулах гэрээ, хөдлөх эд хөрөнгийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, хөрөнгийн үнэлгээний гэрээ, Өмгөөллийн хуульд заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах гэрээ, Аудитын хуульд заасан аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ гэх мэт олон гэрээнүүдийг цахимаар байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгээ уншуулан цахимаар гэрээ байгуулах бололцоо бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар дагалдах хуулиудаар гэрээг заавал бичгээр байгуулна гэж заасан байдаг тул цахимаар гэрээ байгуулсан ч хэвлэж хадгалж, цахимжилт нь өөрөө бүр илүү хүнд суртлыг төрийн байгууллагуудад ч, иргэдэд ч учруулж байгаа учир үүнийг арилгах зорилгоор хуулиудад өөрчлөлт оруулж байгааг онцоллоо.

Мөн тэрбээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд мэдээлэл авах эрхийг хангуулах чиглэлээр 68 нэр төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох үүргийг мэдээлэл хариуцагч нарт оногдуулсан. Энэ хуулийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас тодорхой бодлого гарган “Таван Ш” ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагаанд тухайлсан үүрэг даалгавар өгсөн. Үүнтэй холбогдуулан гурван сар хүрэхгүй хугацаанд shilen.gov.mn цахим  системд 750 мянга гаруй мөр өгөгдөл мөн Засгийн газрын хуулиар нээлттэй болох боломжтой 21 сан нээлттэй болсон байна. Одоо мэдээллийн сангуудын зөрүүтэй байдлыг арилгах тал дээр ажиллаж байгаа гэв. E-Mongolia цахим системийн 970 үйлчилгээ, И-бизнес цахим  системээс олгож буй 270 зөвшөөрлийг шууд цахимаар хэрэгжүүлэх нөхцөлийг хууль эрх зүйн “түгжээ”-нээс гаргана. Газар эзэмшигчийн мэдээллийн хувьд shilen.gov.mn системд сүүлийн 20 жилийн мэдээллийг байршуулсан. Одоо шат дараатайгаар дүүргийн засаг дарга нарын олгосон газрын мэдээлэл болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийг холбоно. Боловсролын салбар харьцангуй сайн цахимжиж байна. Жишээ нь,  дипломыг блокчэйн дээр бүртгэж байна. Үүнтэй адил E-Mongolia системд бүх лавлагааг блокчэйн дээр бүртгэж эхлэх гэж байна. Ингэснээр нотариатын үйлчилгээнд лавлагааг баталгаажуулж тамга тэмдэг дардаг байдал үгүй болно. Мэдээлэл технологийн мэргэжилтний хомсдол их байна. Иймд тухайн салбарын мэргэжилтнүүдийн цалинг ч, итгэлцүүрийг ч өөрөөр тогтоож авч үзэхгүй бол мэдээлэл технологийн салбарт хүний нөөцийг бүрдүүлэхэд хүндрэл учирч байна гэв.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, сонгуулийг цахимаар хийж болох эсэх талаар олон жил ярьж ирсэн. Гэвч энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг гээд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж буй энэ үед холбогдох байгууллагууд энэ асуудлыг авч хэлэлцэх болно гэв. Нийгмийн сүлжээ, ялангуяа Facebook-тэй холбоотойгоор сонгууль болгоноор маш их мөнгөн урсгал гадаад оронруу шилжсэн тооцоо байдаг. Энэ тал дээр Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Facebook-ийн холбогдох түнш байгууллагуудыг Монгол Улсад байгуулах талаас нь хамтарч ажиллаж, үр дүнд хүрч байгаа гэв.


Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлэв. Тэрбээр, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор олон хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гээд ялангуяа эрүүл мэндийн салбарт эмчилгээ болгонд зөвшөөрөл шаарддаг бөгөөд энэ зөвшөөрлүүд цахим хэлбэрээр байх боломжтой боловч амьдрал дээр хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулиудад өөрчлөлт оруулж баталгаажуулж өгөөгүйгээс болж байна. Мөн цахим орчинд тоон гарын үсгийг ашигладаг болох нь хэрэглээг нэмэгдүүлэх, бодитой болгох алхам болно гэв.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэхэд төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын цахим үндэстэн болон зорилтын томоохон хэсэг нь юм. Инновац цахим бодлогын байнгын хорооноос манлайлж Цахим хөгжлийг дэмжих хуулиуд буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг  УИХ-аар батлуулж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Байнгын хорооноос эдгээр хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, 2022 оны есдүгээр сараас хойш төрийн болон хувийн хэвшлийн 60 орчим байгууллагын удирдлагуудтай уулзаж, байгуулага дээр нь очиж ажиллаж хуулийн хэрэгжилтийг нэгбүрчлэн үнэлсэн. Уулзалтуудаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй, цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байна зэрэг заалтууд салбарын хуулиудын уялдаагүй, зөрчилтэй байдлаас үүдэн бүрэн хэрэгжихгүй байгаа асуудлууд байсаар байгаа. Тэгэхээр эдгээр 120 хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудал цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэж төрийн үйлчилгээний хүнд суртал эрс арилж, цахим шилжилтийг утгаар нь эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн төрийн үйлчилгээний “E business, Mindgolia зэрэг цахим ситемүүдийг бүрэн амилуулах нөхцөл бүрдэнэ гэж харж байна гэсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтов.

 Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Инновац, цахим бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл