Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Хэлэлцэх асуудлын цагалвар баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.06) хуралдаан 15 цаг 00 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул дарааллын дагуу хэлэлцэх асуудалдаа оров. 

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо

Хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа, Улсын Их Хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх зарчмыг баримтлан бага бохирдуулвал бага, их бохирдуувал их төлбөр төлж, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зэргээр бодлогоор дэмжих асуудлыг тусгаж өгсөн гэлээ.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Засгийн газрын 1 тогтоол, Засгийн газрын гишүүдийн хамтарсан 4 тушаал, БОАЖ-ын сайдын 5 тушаал, усны чанарын 5 стандарт зэрэг 15 эрх зүйн баримт бичгийг мөрдүүлэн ажиллаж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Мөн тэрбээр,  Усны тухай хуулийн 24.2-д заасны дагуу хоногт 50 шоометрээс их, аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргаж, тус дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг, аюултай бодис агуулаагүй ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг олгож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар дурдав. 

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны хаягдал усны дүгнэлтээр 16.31 тэрбум, 2021 онд 16.34 тэрбум, 2022 онд 5.44 тэрбум, 2023 оны эхний хагас жилд 1.16 тэрбум төгрөг ногдуулснаас 2023 оны 6 дугаар сарын 02-ний байдлаар 3.89 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу айл өрхийг 100 хувь чөлөөлж, үйлдвэр үйлчилгээндээ хаягдал усаа цэвэршүүлэн эргүүлэн ашигласан тохиолдолд эргүүлэн ашигласан усны хэмжээгээр төлбөрөөс чөлөөлж байгаа бөгөөд уул уурхайн компаниуд ихэвчлэн ашигласан усаа эргүүлэн ашиглаж байгаа аж. Тухайлбал, уул уурхайн компаниудаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу 2020 онд 3.3 тэрбум төгрөг, 2021 онд 4 тэрбум, 2022 онд 3.9 тэрбум, 2023 оны эхний хагас жилд 0.9 тэрбум төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 96 хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас цэвэршилтийн түвшингөөр 90%-тай 29, 70%-80%-тай 8, үлдсэн 37 цэвэрлэх байгууламж стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал бохир усыг хүрээлэн буй орчинд нийлүүлж байна. Цэвэрлэх байгууламжууд хэт хуучирсан, урсгал засвар хийгдэхгүй удсаны улмаас ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг цэвэрлэлгүйгээр байгальд шууд нийлүүлж байгаа нь хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байгааг сайд Б.Бат-Эрдэнэ онцоллоо.

Ялангуяа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүйд хүрч, стандартын хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа тул Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн орчин үеийн технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг барьж эхлээд байгаа талаар дурдаад Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд Төв цэвэрлэх байгууламжаас гарах 50,000 м3/хон усыг дахин боловсруулж Дулааны III, IV цахилгаан станцын техникийн хөргөлтөд ашиглахаар “Ус дахин цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслийн зураг төсөл 60%, барилга угсралтын ажил 5%-тай явагдаж байгаа аж.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан усыг Туул голд нийлүүлж, бохирдлыг бууруулахаас гадна ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн шаардлагыг хангаж чадсанаар 50,000 м3/хон усыг дахин ашиглаж энэ хэмжээний усны нөөцийг хэмнэх боломжтой болох юм гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Үүнд,

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Усны тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байгаа бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулах;

-Салбар хоорондын хамтын ажиллагаа сайжруулах. Тухайлбал цэвэрлэх байгууламжууд өөрсдөө бохирдуулагч эх үүсвэр болоод байгаа өнөө үед Барилга, хот байгуулалтын яам, Зохицуулах зөвлөл, Нийслэлийн ЗДТГ, Ус сувгийн удирдах газруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохир усны чанарыг хянах, үнэ тарифыг шинэчлэх;

-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалатын тухай хуулийн 14.2.1-д заасны дагуу хангагч байгууллага нь хүлээн авч буй бохир усны чанарт хяналт тавьдаг болох, Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгуулалагад тус хуулийн 15.1.5, 18.5-д заасныг мөрдөх нөхцөлийг бүрдүүлж хаягдал усны шугамд нийлүүлэх MNS 6561:2015 стандартыг мөрдүүлэх;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, олон улсын туршлага, менежментийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг хил, гаалиар нэвтрүүлэхэд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ногоон зээлд хамруулах эдийн засгийн хөшүүргийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг сайжруулах;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сайжруулах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөж, байгууллагын төсөвт жил бүр тусгуулах арга хэмжээг авах;

-Ус бохирдуулсны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба нийт орлогын 50-аас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах боломжийг бүрдүүлж, ус бохирдуулсны төлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын санд шилжин, хүрээлэн буй орчныг бохирдох, доройтохоос хамгаалах, бууруулахад шаардагдах зардлыг жил бүр тусгах;

- Хаягдал усыг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх, хаягдал усанд шинжилгээ хийдэг лабораториудыг итгэмжлэх, хамрах хүрээг өргөтгөн хаягдал усны стандартад заасан үзүүлэлтүүдийг бүрэн шинжлэх техникийн болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд эдгээр ажлыг хэрэгжүүлснээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сайжирч, аж ахуйн нэгж байгууллагууд хаягдал усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх, цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах үйл явцаар дамжуулан цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс багасгах, хүрээлэн буй орчныг бохирдлоос сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэлээ.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, ус хамгийн их хэрэглэдэг салбар бол уул уурхай, тэр дундаа усны нөөц ховор говьд үйл ажиллагаа эрхэлдэг Оюу толгой компаны усны ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийгдэж байна вэ, Улсын Их Хурлын гишүүн  Ц.Идэрбат, Усны тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр БОАЖЯ санаачилгатай ажиллаж буйг дурдаад, уул уурхайтай холбоотойгоор говийн усны нөөцийг хэрхэн хамгаалж, нөөцлөх вэ, ямар санаачилга гарган ажиллаж байна вэ, “саарал ус"-ыг хэрэглэж буй туршлага бий эсэх, орон нутагт, ялангуяа мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжийн ашигласан усыг цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламж байгуулсан туршлага байна уу, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, ус бохирдуулсны төлбөрийг бүрэн хураан төвлөрүүлэхэд ямар бэрхшээл гарч байна вэ, говийн бүсэд усыг хэрхэн зүй зохистой ашиглаж, жишиг болохуйц ямар уул уурхайн компани байна вэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл юу байна вэ, Биокомбинат, Шувуун фабрикаас цааш Туул гол маш их бохирдолтой байна, бохирдолтын түвшин ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авав.  Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар хариултдаа, Оюу толгой компани жил болгон ус ашиглалтын дүгнэлтийг гаргуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй гэдэг үүднээс хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй, төлбөр тооцоо хийгдээгүй байгааг дурдаад усны нөөц, түвшинг мониторингын хяналтаар байнга хянаж, улирал тутам тайлан мэдээг нь авдаг гэлээ. Усны үнэ тарифын хувьд 2013 оны 326 тогтоолын дагуу зэс, нүүрс, алт, архи, пиво ундааны үйлдвэр эрхлэгчдээс ус ашигласны төлбөрийг 20 хувь байсныг 35 хувь болгон нэмэгдүүлэн хураан төвлөрүүлж байгаа аж.  Усны тухай хуулийн дагуу усны экологи, эдийн засгийн үнэлгээ, газрын доорх усны үнэ тариф мөн сав газар болгоноор гадаргын усны үнэлгээг тогтоосон байдаг. Хуулийн холбогдох заалтын дагуу ус ашигласны төлбөрийг хамгийн дээд хувь буюу 35 хувиар тооцон Оюутолгой компаниас авч байгаа гэв. Мөн “саарал ус”-ны тухайд Монгол Улсад нэг стандарт батлагдсан ч эрх зүйн орчин бүрэн хангагдаагүй гээд “саарал ус”-ны ашиглалтыг нэмэгдүүлэхэд дэд бүтэц буюу тухайлбал барилгын зураг төсөлд анхнаас нь тусгаж өгөх мөн түүнчлэн “саарал ус” ашиглах дүрэм журам, үнэ төлбөрийн зохицуулалтыг шийдвэрлэх шаардлагатайг дурдав. Улаанбаатар хотын хэмжээнд саун, бассейнд ашигласан усаа автомашин угаалгын газарт ашиглах, MCS компани ундааны үйлдвэртээ ашигласан цэвэршүүлсэн усыг Амгалан дулааны станцад нийлүүлэх, ногоон байгууламжийг услах зэргээр “саарал ус”-ыг ашиглаж буйг дурдаж байлаа. Хөдөө орон нутагт уул уурхайн компаны ашигласан усыг замын тоосжилт дарах, Оюутолгой, Энержи Ресурс компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарьж ургуулсан ногоон байгууламж, мод, бутаа услахад ашиглаж байгаа аж.

Ус бохирдуулсны төлбөр улсын төсөвт төвлөрч, хуулийн дагуу Байгаль хамгаалах санд хуваарилагдан үүнээс 50 хувь нь цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, 50 хувь нь бусад зүйлд зарцуулагдах ёстой ч зохицуулалтын хувьд зөрчилтэй байгаа хэмээн Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Болдбаатар хариуллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу төлөх ёстой ногдуулсан төлбөрийн хэмжээ 39 тэрбум төгрөг төлөгдөх ёстой ч үүний дийлэнх хувь буюу 17 тэрбум төгрөг нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газартай холбоотой төлбөр байна. 2020 онд 9.7 тэрбум төгрөг, 2021 онд 8 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан, энэ бол төсөвт төвлөрүүлэх ёстой төлбөр. Төв цэвэрлэх байгууламж болон Туул голыг бохирдуулж байгаа Ус бохирдуулсны төлбөрийн асуудал бол Барилга хот байгуулалтын яам, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар гэсэн гурван газартай холбоотой гээд Туул голын усны бохирдолтын хувьд усны чанарын индексээр “Маш бохир” ангилалд орж байгааг дурдав. Мөн Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулахаар  холбогдох яамдуудад хүргүүлсэн байгаа аж.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Б.Саранчимэг, 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталж, 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан, өнөөдөр энэ хууль ямар хэрэгжилттэй байна вэ, олон аж ахуйн нэгж ус ашиглаж байна. Иймд үед саарал усыг ашиглах, ус их бохирдуулсан бол төлбөр төлөх, бага бохируудсан бол зохих хэмжээний төлбөрөө төлөх хуулийн зохицуулалттай мөн түүнчлэн ус бохирдуулсны төлбөрийг улсын төсөвт хураан төвлөрүүлснийг зориулалтын дагуу зарцуулах эрх зүйн зохицуулалтын шийдлийг байнгын хорооны дараагийн хурлаас өмнө шийдэл гаргаж, биелэлтийг танилцуулахыг үүрэг болгов.

 

Цагалвар батлав

 

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

 

Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо

 

Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, мал сүргийг байгалийн давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 783.3 мянган га газрыг Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан гээд, өнөөдрийн байдлаар:

-Хэнтий аймагт 192.8 мянган га талбайтай Хэрлэнбаян-Улааны отрын бүс,

-Говьсүмбэр аймагт 73,1 мянган га талбайтай Малахын отрын бүс,

-Завхан аймагт 68.3 мянган га бэлчээрийн талбайтай Бага хайрхан отрын бүс,

-Говь-Алтай аймагт 118.6 мянган га талбайтай Аргалантын отрын бүс,

-Дорнод аймагт 124.4 мянган га талбайтай Чойбалсангийн отрын бүс

-Булган аймагт 34.1 мянган га талбайтай Чилэнгийн отрын бүс

-Өвөрхангай аймагт 37.9 мянган га талбайтай Хөхдэлийн отрын бүс

-Увс аймагт 28.9 мянган га талбайтай Ачитнуурын отрын бүс

-Ховд аймагт 105.2 мянган га талбайтай Баяннурууны отрын бүсийг Засгийн газрын тогтоолоор байгуулаад байгааг мэдээллээ.Эдгээр аймаг дундын 9 отрын бэлчээрийн ашиглалт, хамгааллыг Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” хариуцан ажиллаж байгаа бөгөөд отрын бэлчээрийн даацад тохирсон малыг жил бүрийн 11 дүгээр сарын  1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй хугацаанд нутаглуулж, зун, намрын улиралд мал оруулахгүй, чөлөөлөх арга хэмжээ авч ашиглалт, хамгаалалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутагт 2022-2023 онд 12 аймаг, нийслэлийн 46 сум, дүүргийн 673 өрхийн хонин толгойд шилжүүлсэнээр 590,813 толгой мал өвөлжиж, хаваржсан байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчид, орон нутгийн засаг захиргааны хүсэлтийг харгалзан зөвшөөрөлгүй орсон мал сүргийг бүс нутгуудад өвөлжүүлж, хаваржуулсан бөгөөд хаваржилтын хүндрэлтэй байдлыг харгалзан отрын бүс нутгийг малын хөлөөс чөлөөлөн гарах хугацааг тодорхой хугацаагаар сунгаж малчид, орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун аймаг дундын отрын бэлчээрийн ашилалт, хамгаалалтыг сайжруулах дараах асуудал зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцуулав. Үүнд:

- Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах;

- Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Булган аймгийн Дашинчилэн суманд шилжин байршуулахаар шийдвэрлэсний дагуу албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, захиргааны үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх;

- Монгол Улсын нийт бэлчээрийн 10-аас багагүй хувийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээр болгон баталгаажуулж, ашиглалт хамгаалалтыг тус захиргаанд хариуцуулах байдлаар захиргааны хамрах хүрээ, эрхзүйн чадамжийг сайжруулах;

- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээрийн хэмжээг нэмэгдүүлэхэд аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа хамтран ажиллах эрх зүйн боломж бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцууллаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, аймаг дундын отрын бүс нутаг 1960-аад оноос тогтоосон, тухайн үед манай улсын нийгмийн байгуулал, эдийн засаг өөр байсан үе. Анх байгуулагдсан тэр зорилгоор өнөөдөр 9 газарт отрын бүс нутаг байгуулаад явж байгаа нь хэр оновчтой вэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, зах зээлийн нийгэмдээ зохицон аймгууд бэлчээрийн даац болон бусад асуудлаа зохицуулан бие даан шийдэж байх боломж бий юу, отор хийж аймаг дамжуулан нутаг сэлгэж буй нь малын эрүүл мэнд, олон улсын мал эмнэлгийн шаардлагыг хангах эсэх талаар асуулт асууж, хариулт авав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа, Отрын бүсийн захиргаа нь 1990 оноос өмнө байгуулагдсан бөгөөд тухайн үед нийгмийн өмч болох малыг онд мэнд оруулах, зүй бус хорогдлоос хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн гэсэн ч мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн Үндсэн хуульдаа заасан нөгөө талаар манай орны байгаль, цаг уур эрс тэс, мал маллах арга хэлбэр онцлогтой тул Отрын бүсийн захиргааг байгуулж, аймаг дундын отрын бүс нутгийг тодорхойлон, малчдыг оторлуулж байгаа гээд хамгийн их бэлчээрийн талбайтай газар бол Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан нь 190 мянган га талбайтай, өнгөрсөн жил гэхэд 10 аймгийн 400-аад мянган мал өвөлжсөн. Цаашдаа нэг аймгийн нэг сумын нутагт олон аймаг, өрхийн олон мянган мал оторлуулах нь зохимжгүй гэж үзэж байгаа гээд  аймаг сэлгэн отор нүүдэл хийхийн нэг сөрөг тал нь малын өвчин тархах нөлөө үзүүлж байна гэв. Мөн цаашид отрын бүс нутагт зэргэлдээ аймгийн мал оторлохоос бус аймаг дамжиж оторлохыг хориглох ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат,  аймаг дундын 9 отрын бэлчээрийн газарт очиж ажиллан, малчдын санал сэтгэгдэлийг сонсож, санал дүгнэлт боловсруулж, байнгын хороонд танилцуулах ажлын хэсэг байгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

 

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо

 

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэлийг хийхээр шийдвэрлэснийг дурдав.

Тэрбээр, тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 5 чиглэлийн хүрээнд 41 үйл ажиллагаа, 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээгээр 8 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн буюу 100 хувийн биелэлттэй, 28 арга хэмжээ хэрэгжих шатанд буюу 70  хувийн биелэлттэй,  68 арга хэмжээ хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувийн биелэлттэй, 7 арга хэмжээ хэрэгжээгүй буюу  0 хувийн биелэлттэй, 3 арга хэмжээ хэрэгжилт тооцох хугацаа болоогүй гэж тус тус үнэлэгдсэн гээд тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулав.

Танилцуулгад, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор шинээр боловсруулах 4 хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлт оруулах 4 хуулийн төсөл, 12 журам, заавар болон аргачлалыг боловсруулан батлуулахаар тусгагдсныг дурдаад энэ хүрээнд 1 хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Мөн гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг олгохоор 2023 оны төсөвт 127.5 тэрбум төгрөг тусгагдаж, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлүүлсэн аж.

Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, арилжааны 10 банктай, зээлийн хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран байгуулсан байна.

Ерөнхий гэрээний дагуу хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр, 3-5 жилийн хугацаатай Мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг, Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгож байна.

 Мөн түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын байдлаар хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлд нийт 892 үйлдвэрлэл эрхлэгчид 106.8 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Энэхүү зээлийг  Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр 66.0 тэрбум төгрөгийг, Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 38.6 тэрбум төгрөгийг, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 2.19 тэрбум төгрөгийг тус тус олгоод байгаа аж. Нийт зээлийн 76.0 хувийг Хаан банкаар, 14.9 хувийг Хас банкаар, 4.3 хувийг Голомт банкаар олгосон байна.

Цаашид зээл олголтыг эрчимжүүлэн, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дурдаад Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нийт 30 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан ч эдгээр байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, энэ тогтоолын дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сайжруулья гэж ярьж байгаа, тэр дундаа тэжээлийн үйлдвэрлэл тал дээр ямар ахиц гарч байна вэ, сүү, цагаан идээний үйлдвэрлэлд онцгой анхаарах талаар ямар арга хэмжээ авч байна вэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, импортыг орлох бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй зээл олгож ирсэн ч зарцуулалтыг нь харахаар зориулалт бусаар ашигласан нь илэрдэг тал байна. Энэ тал дээр хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар  асуулт асууж, хариулт авав.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа, нийт аймаг сумдын бэлчээрийн 50-70 хувь нь ургамлын доройтолд орсон, иймд цаашдаа бэлчээрийн мал аж ахуйг голчлох нь эрсдэлтэй болж байгааг харуулж байна гээд тэжээлийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих сум, фермерүүд хажуудаа ногоон тэжээл тариалах зайлшгүй шаардлага үүсэж байна. Үүнд зориулж ногоон тэжээлийн үр, улаан буудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр олгох шийдвэр гарган ажиллаж байна. Сүүний хэрэглээний хувьд сүүний үйлдвэрүүдийг дэмжин ажиллаж байна. Гэсэн хэдий ч хэрэглээ өндөр байгаа талаар дурдав. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын дагуу хөнгөлөлттэй зээлийг хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд олгож байна, ингэхдээ нэг тэрбум төгрөгнөөс дээш зээл авсан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон банктай хамтран гурвалсан гэрээ байгуулан хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл