Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.06/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байна.

Тэрхүү хуралдаанаас Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “"Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “… илрүүлэх …” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож улмаар тус заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд, гүйцэтгэх ажилтай холбоотой асуудал яригдах учир асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан хаалттай үргэлжиллээ.


Хэлэлцүүлгийн дараа Үндсэн хуулийн цэцээс гаргасан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “"Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэж заасны “… илрүүлэх …” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. … Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …” гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.

Протоколыг соёрхон батлах, Хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлуудыг хэлэлцлээ

Дараа нь “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.


Тэрбээр, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор тус байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудит, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагдах, хурал чуулганд оролцох зэргээр олон улсын иргэний нисэхийн үйл хэрэгт оролцсоор ирсэн билээ.

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай” 1963 оны Токиогийн конвенцод манай улс 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэгдэн орсон.

Агаарын хөлөг, түүний дотор байгаа хүмүүс, өмч хөрөнгө, хөлгийн бүхээг дэх хэвийн журам, дэглэмд аюул учруулж болзошгүй агаарын хөлгийн бүхээг дэх хяналтгүй зан төлвийн ноцтой байдал, давтамж нэмэгдэж буйтай холбогдуулан түүнийг хязгаарлах, хэвийн журам, дэглэмийг сэргээн тогтооход харилцан туслалцаа үзүүлэх олон улсын хэм хэмжээг бэхжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2014 оны Нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас дээрх конвенцын нэмэлт протоколыг баталсан байна.

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколоор агаарын хөлгийн бүхээг дэх гэмт хэргийн харьяаллыг илүү өргөжүүлсэн бөгөөд хэв журам зөрчсөн, гэм хорыг арилгахтай холбоотой нөхөн төлбөрийн зохицуулалтыг нэмж тусгажээ.

Энэхүү протокол нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 36 улс гарын үсэг зурж, 17 улс соёрхон баталж, 26 улс нэгдэн орж, 2 улс хүлээн зөвшөөрчээ.

Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт түвшинг олон улсын шинэчлэн сайжруулсаар байгаа стандарт шаардлагад нийцүүлэх, агаарын хөлгийн бүхээгт үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон баталснаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль тогтоомж байхгүй болно хэмээлээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви, Унгар, Литва, Словени, Польш улсуудтай байгуулжээ.

Тус яамны зүгээс олон улсын хэмжээнд автотээврийн салбарыг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн үйлчилгээг хөнгөвчлөх, хил, гаалийн хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байна гэлээ.

Энэхүү ажлын хүрээнд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг 2021 онд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжигдэж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тэмдэглэл гарсан бөгөөд хоёр улсын хооронд автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг солилцож, тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлсэн байна.

Хэлэлцээрийн төслийн саналын зөрүүтэй асуудлыг хоёр тал эцэслэн, хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болжээ.

Хэлэлцээрийн төслийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт болон Словакийн талаас хэлэлцээрийг соёрхон баталснаар хүчин төгөлдөр болохтой холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Сангийн яамнаас “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, соёрхон батлуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг ирүүлсэн аж.

Үүний дагуу Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон тухай Засгийн газрын хуралдааны 19 дүгээр тэмдэглэл гарсан байна.

Үүнтэй холбогдуулан хэлэлцээрийн асуудлаар Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр хэлэлцээрийн төсөл, бусад шийдвэрийн төсөл, холбогдох танилцуулгыг ийнхүү танилцуулж буй аж.

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ.

Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав

Дараа нь Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 96 дугаар захирамжид заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг Байнгын хорооны тогтоолоор баталлаа.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 06 дугаар сард “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай, “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд, Батлан хамгаалахын сайтын мэдээлэл сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын хамгийн том түнш байгууллагын нэг болох Азийн хөгжлийн банктай ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус банкнаас Монгол Улсад хуваарилж болох 655 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг хийлээ.


Энэхүү  санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын төсөв, эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг зөвшилцөн дэмжсэнээр хоёр талаас гарын үсэг зурсан.

АХБ-тай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь олон улсын гэрээ бөгөөд УИХ-аар зайлшгүй соёрхон батлах шаардлагатай тул ийнхүү хуулийн төслийг боловсруулж оруулж ирж байна. Тус хөтөлбөрийг УИХ-аар соёрхон батлуулснаар хөтөлбөрийн эх үүсвэрийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд энэ нь зээлийн гэрээ биш юм. Харин хөтөлбөрийг Улсын Их Хурлаар соёрхон баталсан тохиолдолд АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллах боломжтой болно гэлээ.

Хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойшх хугацаанд дараах төсөл, хөтөлбөрийн зээлүүдийн яриа хэлэлцээг АХБ-тай эхлүүлэн, бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ.

Төсвийн дэмжлэгийн хэлбэрээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 200 орчим сая ам.доллар. Үүнд:

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээг дэмжих төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;

Төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;

Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 400 орчим сая ам.доллар.

Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төслийн хүрээнд 100 сая ам.доллар орчим;

Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн 3-р үе шатны санхүүжилтийн хүрээнд 150 сая ам.доллар орчим;

Эрдэнэбүрэн Мянгад Улиастай эрчим хүчний ЦДАШ-ын төсөл багтаж буй аж.

Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50-55 сая ам.доллар. Үүнд:

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2-р үе шат багтжээ.

Одоо хэрэгжиж байгаа төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр 10-15 сая ам.доллар. Үүнд:

Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанарыг сайжруулах төсөл буй юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Баделхан, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Аваад байгаа зээлийн ач холбогдлыг нь эрэмбэлдэг юм уу хэмээн тодруулсан. Тэрбээр, зээлийг үр ашигтай зүйлд зарцуулах нь зүйтэй гээд, зам тавиад, шугам татахаар нэг утгаараа хөгжил мэт харагдах боловч нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг бий болгодоггүй хэмээсэн.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Зээл аваад бүтээн байгуулалт хийж байна гээд өнгөрдөг,  өр нь нэмэгдээд байдаг. Зээл аваад хувийн хэвшлийнхэндээ, тэр дундаа ЖДҮ хөгжүүлэх хүмүүстээ зориулж, иргэдээ ажилтай, орлоготой болгоход анхаарч ажилламаар байна гэлээ. УИХ-ын гишүүд зээлийн хөрөнгийг эдийн засгийн үр ашигтай төслүүдэд зарцуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлж байлаа.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл