Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.06.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.1-д “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ” гэж, 2.2-т “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана” гэж, 2.3-т “Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ” гэж тус тус заасан. Эрчим хүчний салбар нь улсын хэмжээнд эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүс нутгуудад үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулах, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж ажлын байр бий болгох, цаашлаад хот суурин газруудын шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох, салбарыг хөгжүүлэх тодорхой зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг салбарын сайд танилцуулав.
Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 7-8 хувиар өсөж бөгөөд эрчим хүчний салбар өвлийн оргил ачааллын үеэр системийн нийт суурилагдсан хүчин чадлыг (1578 МВт) бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгийг авч байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр оргил ачаалал 1467 МВт хүрчээ. Цаашид хэрэглээ үүнээс давбал хэрэглэгчдийг хязгаарлах нөхцөл байдал үүсээд байгаа юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хэрэглээ жилд дунджаар 150-230 Гкал/ц-аар нэмэгдэж байна. Агаарын температур удаан хугацаанд -39° градусаас дээш хүйтэрбэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, дулаан дамжуулах сүлжээний алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэл үүссэн байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахал, олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах боломжгүй байснаас шалтгаалан 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөг, 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Иймд дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахаар шинээр том чадлын дулааны цахилгаан станцуудыг барих төслүүдийг хэрэгжүүлж байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын хүрээнд импортоор оруулах тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр нүүрсээр ажиллах станцын хүчин чадал нэмэгдэж, системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаа сайжирна. Мөн ойрын хугацаанд оргил ачааллын зохицуулалт хийх зориулалттай цэнэг хураагуурын станц 200 МВт.ц, Амгалан дулааны станц 116 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станц 50 МВт төслүүд 2023-2024 онд ашиглалтад орох юм байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, импортыг орлох эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөхөөр төсөлд тусгасан байна.
Хуулийн төслүүдэд дагаж мөрдөх хугацааг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.