Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.05.31) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэн, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай”  Улсын Их Хурлын 2023 оны 38 дугаар тогтоолыг баталсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулав.


“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 38 дугаар тогтоолын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд тайлбарлан таниулж, тэдний санал бодлыг сонсох ажлыг 2023 оны тавдугаар сарын 22-30-ны өдрийн хооронд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллаа. Энэ хугацаанд Улсын Их Хурлын 57 гишүүн 18 аймгийн 129 сум, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж 27,983 иргэнд мэдээлэл хүргэж, 25,868 иргэнээс санал авсан байна.


Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” Улсын Их Хурлын 2023 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эрдэмтэн, судлаачид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндсэн хууль тогтоогчдын зарим төлөөллийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан бөгөөд 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэсэн саналыг “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үед Төслийн 1 дүгээр зүйл буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно.” гэснийг “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дахин санал хурааж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар дэмжигдсэн саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбар болон гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Т.Доржханд гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.





Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Д.Өнөрболор, Б.Энх-Амгалан, С.Чинзориг, Ц.Туваан, М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Н.Энхболд хариулт өгч, тайлбар хийсэн юм.


Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналын томъёоллыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 63 нь буюу  92.6 хувь нь дэмжив.


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төслийг бүхэлд нь уншиж танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.” хэмээн төслийг бүхэлд нь уншиж, танилцуулаад санал хураалт явууллаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 66 нь дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдав.


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д “Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ” гэсний дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт батлагдсан болохыг нийтэд зарлан мэдээлж, үг хэлэв. Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэж байгааг цохон тэмдэглээд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн. Ард түмэн нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг гэсэн юм. (бүрэн эхээр эндээс)

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг, 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасан бол хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл дэх “мажоритар” гэдгийг олныг төлөөлөх гэж, “пропорционал” гэдгийг хувь тэнцүүлэн хуваарилах гэж нэг мөр ойлгож, хэрэглэх талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдав.


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг саналын томьёоллын хамт бэлтгэсэн байна. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, О.Цогтгэрэл, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж тодруулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хариулт өгсөн юм.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталсанд Улсын Их Хурлын нийт гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь реформ эхэлж байгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн. Түүнчлэн  Улсын Их Хурлын нэг  гишүүнд ногддог эрх мэдлийн төвлөрөл үгүй болж, парламентын шийдвэр чанартай, бодитой болох нөхцөл бүрдсэн хэмээлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын нийт гишүүдээс эр зориг шаардсан, нөгөөтээгүүр ирээдүй, алсаа харсан шийдвэр байсныг цохов. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар жендерийн том дэвшил гарч, жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу шилжиж,  нийгмийн бүлгүүд рүү хандсан чухал өөрчлөлтүүд гарна хэмээн Ерөнхий сайд хэлсэн юм. Мөн гадаадад байгаа монголчуудын төлөөлөл парламентын сонгуульд оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхээ эдлэх, улс төрийн намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг болох, улс төрийн намуудад бодитой, шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв.


Дараа нь хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 98.5 хувь нь дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм.

Уг хууль нь 5 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй байх аж. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгалах талаар тус хуульд тус тус заажээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөхөөр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны дотор, холбогдох бусад хууль тогтоомжийн өөрчлөлтийг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхээр тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг батлах санал хураалтыг мөн хуралдаанаар явуулахад гишүүд 90.9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.


Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл