Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 20 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нийтлэгдсэн тул тус дугаараас тухайн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, мөн Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухайд дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Хуулийн төсөл буцаах тухай, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас Хянан шалгах түр хороог байгуулах үндэслэл, түр хорооны бүрэлдэхүүн, эрх хэмжээний хүрээ хязгаарыг тодорхой болгох, түр хорооны гишүүнээр ажиллах тохиолдолд тавигдах шаардлага зэргийг нарийвчлан тодорхойлж, гэрч, хянан шалгагч, шинжээч нарыг томилох, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нотлох баримттай танилцах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд, Монгол Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг ба мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын онцлог, гүйцэтгэх ажилд тавих Улсын Их Хурлын хяналттай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг хэрэгжүүлж, Хөгжлийн банкийг цогцоор нь иж бүрэн өөрчлөн зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ба Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцад хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтны хариуцлагын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгасан байна.

Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналыг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаажээ.  

Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Хууль зүйн хэлний зөвлөл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд ажиллах болсонтой холбогдуулан хууль тогтоомжийн системчлэл, хуулийн лавлагаа мэдээлэл, сургалт сурталчилгаа, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг нэгтгэн зохион байгуулж Улсын Их Хурлын дэргэд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, хүрээлэнг нэгтгэн зохион байгуулахтай холбогдуулан зохих шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж, шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолын хавсралтаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журам”-ыг баталжээ. Тус журмыг өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үйл ажиллагаанд баримтлах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл