Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Боловсролын салбарт технологи, дижитал шилжилт чухал үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.19) Дэлхийн Банк Группын Боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведраг хүлээн авч уулзлаа.


Ноён Ж.Саведра Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй ачаалал ихтэй үед Улсын Их Хурлын дарга цаг гарган хүлээн авч буйд талархаж байна гээд цар тахлын хорио хязгаарлалтын үеэр Монгол улс боловсролын салбартаа тусгайлан стратеги хэрэгжүүлж, хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор амжилттай хангаж чадсан явдал олон улсад сайн жишиг болсныг онцлов. Мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн чухал цаг үед Дэлхийн Банк Группын зүгээс Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш нарыг чадавхжуулах, хүний нөөцийг бэхжүүлэх болон боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр Дэлхийн Банк Группын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгснийг онцлоод, цаашид боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачлагуудыг дэмжихээ илэрхийлэв.


Мөн Улсын Их Хурал боловсролын салбарт хууль эрхзүйн цогц шинэчлэл хийх зорилгоор, өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд оролцогч талуудаар хэлэлцүүлж боловсруулсан салбарын багц хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болсон талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл систем бий болгох, багшийн хөгжлийг дэмжсэн, гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем нэвтрүүлэх зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгууд туссан болохыг онцлов.


Ноён Ж.Саведра хууль эрхзүйн орчинд хийж буй шинэчлэл салбарын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтойг дурдаад технологийн хэрэглээ, дижитал шилжилт зэрэг нь боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт авчирч буй талаар санал солилцов.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл