Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.05.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авч, энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн Ажлын хэсэг хуралдан, саналын томьёоллыг сайжруулан оруулж ирсэн тул Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдсан тухай дурдлаа. Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.4-т заасны дагуу нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх агуулга бүхий нэгдүгээр зүйл нэмэх, төслийн хоёрдугаар зүйлийг гуравдугаар зүйл болгож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг үндэслэн олныг төлөөлөх /мажоритар/, хувь тэнцүүлэн хуваарилах /пропорционал/ тогтолцоог хослуулан явуулах зохицуулалтад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх агуулгаар өөрчлөн найруулах зэрэг нийт 5 зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хэлж, Ажлын хэсгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хугацаанаас эхэлж мөрдөхөөр тохиролцсон тул тогтоолын төслийн хоёрдугаар зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өгөхийг хүслээ. Энэхүү горимын саналын дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдагдсан зарчмын зөрүүтэй таван саналаас дээрх зүйлтэй холбоотой саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгч үлдэх дөрвөн саналаар санал хураав. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсан юм. Тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг тогтоож, бэлтгэл хангаж ажиллахыг Улсын Их Хурлын холбогдох бүтэц, Тамгын газарт, мөн төслийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдэд даалгахаар төсөлд тусгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул уг тогтоолыг баталъя гэсэн томъёоллоор санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж баталснаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав.
Уг тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2023 оны тавдугаар сарын 22-30-ныг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэл хангахыг Улсын Их Хурлын энэ оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт, төслийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд тус тус даалгалаа.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, ард иргэд Улсын Их Хурлын нэр хүнд, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйг харгалзан, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, хурал чуулгандаа идэвхтэй, хоцрогдолгүй оролцож, сахилга хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг гишүүд болон сайд нарт хатуу үүрэг чиглэл болгов. Түүнчлэн тэрбээр, Улсын төсөв, төлөвлөгөөтэй холбоотой асуудал хэлэлцэж байх үед сайд нар хайхрамжгүй хандаж байсныг болон Улсын Их Хурлын зарим гишүүд тойрогтоо дутуу, хагас ажилласныг анхааруулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд тойрогтоо идэвх чармайлттай ажиллах, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, тайлбарлан таниулах ажлыг тасралтгүй явуулах хэрэгтэйг даалгав. Тэрбээр, Засгийн газар ч бас ард иргэдээс гарган тавьж байгаа санал шүүмжлэлийг хүлээн авч, нэн ялангуяа үнийн өсөлт, цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг ард иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлууд, мөн төрийн албаны хүнд суртал, чирэгдэлтэй холбоотой асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо. Хэлсэн үгийнхээ төгсгөлд тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажил эхэлж, ард иргэдэд төслийг танилцуулах, санал авах ажил эхэлснийг албан ёсоор зарлан тунхаглав.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хуулийн төсөлд бүрэн тусгасан, эсэх, тус зардлыг нэгдсэн төсвийн зардлаас Ирээдүйн өв сангийн зардалд шилжүүлж, хүүхдүүдийг хуримтлалтай болгох боломжтой эсэх, үр дүнд нь төсвийн тэнцлийг сайжруулах боломжтой эсэх, мөн Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн төслийн танилцуулгад дурдсан 49 хувьд барих боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа энэхүү төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх боломжтой эсэх талаар асуусан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 60 гэснийг 51 болгож бууруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг дурдав.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт, санал хэлээгүй тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Байнгын хорооны дэмжсэн саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр боловсролын асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут нүүрсний экспортын талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ашигт малтмалын бодлого, эрчим хүч болон боловсролын асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортын талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг аялал жуулчлал, хөрсний бохирдлын тааар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн талаар тус тус асууж, санал хэлжээ.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгах улсын төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, биелэлтийг жигд зохион байгуулах, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бий болгох асуудлыг Засгийн газарт чиглэл болгох зэрэг зарчмын зөрүүтэй 16 санал болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Ж.Чинбүрэн, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Д.Батлут нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн байна. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан Ховд аймгийн Цэцэг сумыг хэвтээ тэнхлэгийн замтай холбох саналыг дэмжээгүй байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Туваан, Н.Наранбаатар, Д.Батлут, Х.Баделхан, Б.Бейсен, Б.Баярсайхан нар асуулт асууж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд дэлгэрэнгүй хариулт өгав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням үг хэлж, Дарханы замыг дуусгаж өгөхийг хүслээ.
Хэлэлцэн буй асуудлаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад ихэнх саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд зарим саналд тусгагдсан асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Мөн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах үед гишүүдээс гаргасан саналыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах, үүний тулд холбогдох судалгаа, тооцооллыг хийх шаардлага гарсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.