Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.05.19) хуралдаж, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийлээ. Тогтоолийн төсөлд,  Монгол Улсын 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, хөгжлийн төлөвлөгөө, тус төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг тус тус батлахаар тусгасан байна. Бодлогын тэргүүлэх чиглэл болон хөгжлийн төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий найман тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээг тусгажээ. Санхүүжилтийн 2.3 их наяд төгрөгийг улсын, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 1.3 их наяд төгрөгийг гадаадын зээлээр, 0.5 их наяд төгрөгийг гадаадын тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, 3.1 их наяд төгрөгийг хувийн хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргах ажээ.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Ажлын хэсэг хуралдаж, зарчмын зөрүүтэй 16 санал бэлтгэснийг Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм. Тэрбээр, бодлогын тэргүүлэх чиглэлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах”, “Гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх”, мөн хөгжлийн төлөвлөгөөний “Судалгааны үр дүнд бий болсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах” гэсэн төсөл арга хэмжээний хүрээнд “Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн төсөл”, “Үр дүнд суурилсан өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтээр хийгдсэн Шинжлэх ухаан, технологийн /суурь, хэрэглээний, технологи/ судалгаа хөгжүүлэлтийн ажил” гэсэн шалгуур үзүүлэлтийг болон бусад төсөл арга хэмжээний зорилтот түвшин, хэмжих нэгж, хариуцах байгууллага зэрэгт холбогдох өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Мөн төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүд дэх зарим үзүүлэлтийг өөрчлөхөөр саналын томьёоллыг бэлтгэснийг дурдлаа.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нийслэлийн Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, 26 дугаар хороонд шинээр байгуулагдсан 640 хүүхдийн сургууль, цэцэрлэгт автобус явуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ирэх онд хийх нүүрсний экспортын хэмжээ, эрчим хүчний салбарын менежментийг сайжруулах, нийгмийн эрүүл мэн, хорт хавдрыг бууруулахад зориулсан төсөв зардал, мөн аж үйлдвэрийн парк байгуулах, тэр дундын зэс хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа яваа талаар асууж хариулт авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг шинээр байгуулагдсан төмөр замуудыг БНХАУ-ын төмөр замуудтай холбох талаар, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, нүүрсээ боловсруулах талаар төлөвлөсөн зүйл байгаа эсэх, эрчим хүчний хангамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 49 хувийг олон нийтэд арилжаалах, “Гэрэлт Говь” үйлдвэрлэл технологийн паркыг төлөвлөгөөнд нэмэх, хилийн бүс нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх зэрэг тодорхой асуудлуудаар асуулт тавьж, тайлбар авав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг орчны бохирдлыг бууруулах, нүхэн жорлонгийн тоог багасгах талаар төлөвлөж буй ажлууд, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө бий эсэх, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар холбогдох бодлого, хөтөлбөрүүдэд туссан нийгэмд олон талт түншлэлийг бэхжүүлэх, төрийн удирдлагад гурван талт түншлэл, зөвлөлдөх тогтолцоог оновчтой нэвтрүүлэх зорилтууд хөгжлийн төлөвлөгөөнд яагаад ороогүй болон Орхон аймгийн Шар хөтлийн автозамын төсөл хасагдсаны учрыг асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар болон Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Баянзүрх дүүрэгт улсын чанартай эмнэлэг байхгүй байгааг харгалзан нэгдсэн эмнэлэг барих, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн 61.9 км хатуу хучилттай зам, 24 урт метр гүүр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган-Орхон-Хишиг-Өндөр-Хутаг өндөрийн босоо тэнхлэгийн автозам, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт хувийн хөрөнгө оруулалтаар “Гэрэлт Говь” үйлдвэрлэл, технологийн парк, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх 150.34 тэрбум төгөргийн өртөг бүхий Улаанбаатар-Шат хөтөл-Эрдэнэт чиглэлийн 100 км автозам барих төсөл, хөтөлбөрүүдийг үндсэн чиглэл болон төлөвлөгөөнд тусгах зарчмын зөрүүтэй санал гаргав.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн бэлтгэсэн болон Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл