Цэс

Холбоо барих

НББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь, дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2023.05.17) Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёрдугаар, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13.2-т, Бусад Байнгын хороо уг төслийн талаар тус тусын санал дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд өгнө гэж заасан. Үүний дагуу Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргахаар гэж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-ээр зохицуулсан.

Эдгээр зохицуулалтын дагуу Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйг Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар ард иргэдийн санал бодлыг хэр харгалзан үзэж байгаа талаар асууж, иргэдийн бараг 99 хувь нь эсрэг байна гэлээ. Мөн тэрбээр, олон нийт 152 гэсэн тооноос татгалзсан нь 126-г дэмжиж байна гэсэн үг биш. Иймд ард түмний бүрэн эрхэд халдахгүйн тулд  энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж хариулт авав. Түүний асуултад дэд сайд Ж.Эрхэмбаатар,

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ард нийтийн санал асуулга явуулах Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын  нийт гишүүдийн 2/3-оос доошгүй саналаар шийдвэрлэх нь нээлттэй гэсэн хариулт өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хууль санаачлах эрх бүхий субьектууд төсөл санаачлах, Улсын Их Хурлын 25-аас доошгүй гишүүн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл санаачилж батлуулах гэсэн хоёр аргаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх хуультай. Энэ удаагийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхний аргаар буюу хууль санаачлах эрх бүхий субьектуудын нэг болох Засгийн газар санаачлан өргөн мэдүүлсэн. Хоёр арга зөрчилдөөнтэй тул нэгэнт эхний аргаар өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд явж байгаа тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126-гаар тогтоохоор парламент дахь нам, эвслийн бүлэг, төлөөллүүд зөвшилцөөд явж байна. Энэ тоог хэрхэн тогтоосон бэ гэсэн асуулт тавьсан юм. Мөн төрийн албан хаагчид, тэр дундаа соёлын салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар асуув. Үүнд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, анх 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад төсөл санаачлагчид 102 гишүүнтэй байх санал оруулж ирсэн байна. Үүнийг Ардын их Хурлын детутатууд хэлэлцээд, хэтэрхий олон байна гэж үзэн, 51 болгох санал гаргасан байгаа юм. Тэгээд зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж ажиллаад 102, 51 гэсэн саналуудын дундаж хувилбар болох 76 гэсэн тоог гаргаж ирсэн. Харин 152 гэдэг тоог шинжлэх ухааны үндэслэлтэй буюу куб язгуурын аргаар тогтоосон. Иргэд, олон нийтээс өгч байгаа саналын дагуу энэ тоог бууруулах нь зүйтэй гэж үзэн, 126 гэсэн тоог гаргаж ирсэн. Мөн пропорциональ болон мажоритар тогтолцоогоор сонгогдох гишүүдийн харьцааг одоогийн тойргийн төлөөллийн түвшинг бууруулахгүй байх, мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын санал болгож буй хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын жагсаалтаар орж ирэх гишүүдийн харьцааг 40 хувиас дутуугүй түвшинд байлгах зарчим баримталсан гэлээ. Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1992 оныхоос 17 дахин нэмэгдсэн ч ядуурлын түвшин зургаахан хувиар буурсан нь том төслүүдээ хөдөлгөөгүй, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлээгүй, төсвийг тойргоор хуваарилж байсан зэрэг алдаатай бодлогоос шалтгаалсныг дурдсан юм. Мөн, төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг Засгийн газар хэлэлцээд, энэ оны зургадугаар сард улсын төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэврийн ялгамжтай байдлыг арилгахаар тогтсон гэдгийг тэрбээр мэдээлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол найман жилийн дотор дахин оруулахгүй гэх заалт хэрхэн хангагдаж байгаа талаар асуув. Сайд Х.Нямбаатар Засгийн газар төслийг Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу санаачлан, өргөн барьсан хэмээн хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар гишүүдийн тоог ямар судалгаа тооцоонд үндэслэн тогтоосон талаар асууж, хариулт авсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар 126 гэсэн тоо судалгаагаар бус зөвшилцлөөр гарч ирж байгаа гэдгийг дурдсан юм.

Байнгын хорооны хуралдаанд асуулт асуусан гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдоос санал авсан талаараа ярьж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас илүүтэй үнийн өсөлт, цалин хөлсний хангалтгүй байдалд санаа зовж буйг дурдсан юм. Энэ талаар Хууль зүйн дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Нямбаатар, Х.Булгантуяа нар хариулт өгч, боловсрол, соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсний ялгамжаатай байдлыг арилгах талаар арга хэмжээ авахаар болсныг ярьсан юм. Энэ арга хэмжээг авахдаа үнийн өсөлтийг улам нэмэгдүүлэхгүй байхад анхаарч, холбогдох тооцоо судалгааг хийж байгаа хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа уг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн  санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцэв. Хуулийн төсөл гурван зүйлтэй бөгөөд, эхний зүйлд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн эхний зүйл Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд хамаарахгүй тухай, хоёрдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөх тухай, гуравдугаар зүйлд, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна. Хуулийн төслийн дээрх зүйлүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй, мөн зарчмын зөрүүтэй санал ирээгүй тул уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл