Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.17) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 13 цаг 19 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиуд дахь холбогдох зохицуулалтын дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх талаар Байнгын хорооны хуралдааныг даргалсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төсөл санаачлагчаас асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй гэж үзэв. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжив.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дууслаа. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.