Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар Баянхонгор аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч ажиллаж байна.

Гишүүд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.


Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номын сангийн эрхлэгч С.Янжинхорлоо, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, “Өсвөрийн парламент 2022” хөтөлбөр болон тус аймгийн “Мини парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд, иргэдийн төлөөлөл оролцов.


Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийнагентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү төвийг байгуулсан.

Хууль тогтоомж сурталчлах төв нь парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна.


Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах” арга хэмжээг ийнхүү Баянхонгор аймгаас эхлүүлж байна.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,“Хүн тэнгэрийн дор төрж,  хуулийн дор амьдардаг” гэсэн эртний үг бий. Ардчилсан Үндсэн хуулийн зарчим бол төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байхад оршино. Ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн хууль тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах нь парламентын үндсэн чиг үүрэг.

Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан Улсын Их Хурал иргэддээ парламентын боловсролын мэдлэг олгох, D-Parliament цахим системийг ашиглан хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөхөд нь ард иргэдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр өгөх болно. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахдаа мэдлэг, мэдээлэл өгөх нь хамгийн чухал. Энэ төв ард иргэд болон Улсын Их Хурлын гишүүд, орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эгэх холбоог хангах гүүр болж ажиллах чухал үүргийг гүйцэтгэнэ хэмээгээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх, төлөөллийн ардчиллын зарчмыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. 

Парламент болон орон нутгийн захиргааны байгууллага хамтран иргэддээ хууль тогтоомж, өөрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулдаг практик олон улсад бий. Энэ жишгийг харгалзан Монголын нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр Баянхонгор, Өвөрхангай аймагт анхны Хууль тогтоомж сурталчлах төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгааг хатагтай Стефани Бурри хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.


Мөн Хууль тогтоомж сурталчлах төвийн үйл ажиллагааны чиглэлд иргэдийн парламентын боловсролыг дээшлүүлэх, хууль тогтоох үйл явцад иргэдийн бодитой оролцоог нэмэгдүүлэх шинэлэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан нь иргэдэд хүргэх мэдээллийн агуулгыг баяжуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай гэв.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номын сангаас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010-2023 оны хүртэлх хугацаанд хэвлэгдсэн бүх дугаарыг, парламентын судалгааны товхимолуудын хамт гардуулан өглөө.


Төв байгуулах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газар, Баянхонгор болон Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хооронд 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулж, төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлсон.

Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу бусад аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд төв байгуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаар төлөвлөөд байна.


Үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал хатагтай Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номынсангийн эрхлэгч С.Янжинхорлоо, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг нартай уулзаж, хамтран хэрэгжүүлж буйтөслийн талаар ярилцаж, санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл