Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 18 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Тогтоолын төсөл буцаах тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Тогтоолын төсөл буцаах тухай  Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Шинжлэх Ухааны Академийн харьяа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Т.Баясгалан, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуа нар батлагджээ. Харин Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ: 1/онцгой дэглэм тогтоосон 6 сарын хугацаанд багтаан компанийн удирдлага, зохион байгуулалтын оновчтой бүтцийг бий болгож, засаглалыг сайжруулж, гүйцэтгэх удирдлагыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох; 2/компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй, хөндлөнгийн аудитын компаниар нэн даруй аудит хийлгэх; 3/“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаанд эрх зүйн нийтлэг хэм хэмжээ, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг чанд сахин мөрдүүлж, олон улсын болон Монгол Улсын стандарт, шаардлагыг хангуулах; 4/онцгой дэглэм тогтоосон хугацаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх; 5/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах талаар шуурхай арга хэмжээ авч, тус тогтоолын биелэлтийн явцыг сар бүр Улсын Их Хуралд танилцуулах.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн ба тухайн тогтоолуудын хавсралтаар Улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал олгох журам болон  Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг тус тус баталсан байна. Тухайлбал, Улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал олгох журмыг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 19.1.3-т заасны дагуу улсын өмгөөлөгчид таван жил тутамд мөнгөн урамшуулал олгоход баримтлах бол  Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь “Чингэлэгт тээврийн терминал”-аар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортод гаргах нүүрсийг цахимаар нээлттэй арилжих үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл