Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2023.05.03) боллоо. Хуралдаанаар, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан танилцуулав. Тэрбээр, танилцуулгадаа Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй зургаа, найруулгын нэг саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжсэн байна. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Бадилхан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрөөтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн дарга Г.Занданшатар төрийн албан хаагчийн сахих ёс зүйн хэм хэмжээг тогтоох зайлшгүй шаардлага тулгарч буй энэ цаг үед хууль батлагдсанаар бүх шатанд хүнд суртал, зөрчил, шударга бус явдлыг таслан зогсоох, нийт төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтойг анхаарч, хуулийг чанд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай талаар саналаа хэлсэн байна.
Хууль болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, төрд итгэх ард иргэдийн итгэлийг сэргээх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлээд ихээхэн чухал хууль гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ. Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, дэмжсэнтэй холбогдуулан хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэгчлэн авлига, хээл хахууль, гэмт хэрэгт холбогдсон асуудлууд төрийн албаны нэр хүндийг унагаж байна гээд хууль бодитой хэрэгжих үндэс нь түүний амин сүнс болсон ёс зүй юм гэлээ. Тэрбээр, төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг бид бусад улс, орнуудын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, төрийн байгууллага, олон нийтийн саналыг нэгтгэн, энэ цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулсан. Шатыг дээрээс нь эхэлж шүүрддэг. Засгийн газрын “Шүүр” ажиллагаагаар төрийн албыг доороос нь бужигнуулах биш дээрээс нь эхэлж болох, болохгүйг шүүрдэж засах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль үүнд чиглэж байгаа. Улсын Их Хурлын гишүүдээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд энэ хуулиар зээл авахад нөлөөлөх, хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөтөлбөрт хамрагдахад нөлөөлөх, өөрсдийн хамаатан, ах дүү, төрөл төрөгсдийг ажилд томилоход нөлөөлөх зэргээр аливаа хэлбэрээр бусдад давуу байдал олгохоор ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх үйлдэл гаргах аваас ёс зүйн зөрчил гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүнээс эргүүлэн татах хүртэл хариуцлага тооцох механизм бий болгохоор хуульчилсан. Албан тушаалтны нөлөөллийг хэрэглэхгүйгээр өөрийн чадвараараа зээлээ авах, шаардлага хангаад ажил албанд томилогдож ажиллах нь хэн бүхэнд бололцоотой гэв.
Мөн тэрбээр, энэ хуулийн дагуу төрийн бүх шатны байгууллагад буюу 4232 нэгж дээр Ёс зүйн зөвлөл ажиллана. Ёс зүйн зөвлөл ажил олгогч, татвар төлөгчид, хэрэглэгчид, энгийн иргэдийн төлөөллийг хамруулсан гурван талт бүтэцтэй байх бөгөөд ингэснээр бүх төрийн албаны шатанд дарга, сайд нар хууль бус шаардлага тавьж, энэ тендерийг ингээд шалгаруул, энэ хүнийг ингэж ажилд томил гэх юм уу, хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруул гэх зэргээр дарамтлах, нөлөөлөх үйлдэл гаргавал Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээд уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг байх юм. Ингэснээр дарга, удирдагуудын шахат, дарамтыг таслан зогсоож, бүх шатанд энэ явдал цэгцэрнэ. Ингэж төр дээрээсээ эхлээд доороо хүртэл ёс зүйтэй болсноор авлига, хээл хахууль, хулгай зэлгий эцэс болно. Төрийн албаны Зөвлөлийн дэргэд төрийн байгууллагууд дахь Ёс зүйн зөвлөлүүдэд хяналт тавьж ажиллах мэргэжлийн Ёс зүйн зөвлөл ажиллана. Ингэж төрийн албан ёс зүйн асуудлыг эрхэлсэн бүтэц институтчлэгдэх юм хэмээн тайлбарласан юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, 1990-ээд оноос ёс зүйн хэм хэмжээ үгүй болж, хүний эрх, эрх чөлөө гэсэн халхавч дор хэн дуртай нь, юу дуртайгаа хийж болно гэсэн мораль стандартгүй хандлага нийгэмд газар авсан. Улмаар архидан согтуурах, садар самуун, сахилга хариуцлагагүй байдал зэрэг бүх төрлийн хуулийн зөрчлийн үндэс болсон ёс зүйн зөрчил нийгэмд хавтгайрсан. Үүнийг засах манлайллыг төрийн албан хаагчид үзүүлэх ёстой гэлээ.
Тэрбээр эцэст нь, цөөн зарим хүмүүсээс болж төрийн албан хаагчдын нэр хүнд унаж байна. Үүнийг засаж залруулах, төрийн алба өөрөө өөрийгөө цэвэрлэдэг, төрийн нийт албан хаагчдын манлайллыг хэрэгжүүлдэг механизм бий болгох үүднээс өнөөдөр энэ хуулийг баталж байна. Хуулийг хэрэгжүүлэх, ёс зүйг хэвшүүлэх ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд, дарга, удирдлагуудаас эхлэн хэрэгжүүлэх ёстой. Төрд итгэх иргэдийн итгэлийг бүрдүүлж байж Монгол төрийн мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, төрийн түшээдийн нэр хүнд сэргэнэ хэмээн онцлон дурдав.
Дараа нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороо хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан юм. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээс дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулгадаа, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийж, 17 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжсэн талаар дурдав.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, аялал жуулчлалын чиглэлүүдийн дотор эрүүл мэндийн аялал жуулчлал, тэр дундаа рашаан сувилал, хануур, төөнүүр зэрэг уламжлалт эмчилгээг оруулах талаар асууж, санал хэлллээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, аялал жуулчлалын төрөл тус бүрийг нэг бүрчлэн хуульд оруулах боломжгүй, тусгай сонирхлын аялал жуулчлал гэдэгт хамааруулан ерөнхийд нь оруулсан хэмээн хариуллаа.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтэд дурдсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад ихэнхийг нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжлээ. Харин Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Г.Ганболд, Ж.Батжаргал, Х.Ганхуяг нар үг хэлж, тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих, дуудлага худалдаагаар зөвшөөрөл олгохтой холбоотой зохицуулалтуудыг өөрчлөх, сайжруулах, зөрчлийг арилгах, бусад хуулийн зохицуулалтад нийцүүлэх талаар санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж Амьтны тухай хуульд ийм том хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулах нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцэхгүй гэж үзэж буйгаа хэлсэн юм. Шаардлагатай гэж үзвэл Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг аль нэг хуулийн өөрчлөлтийг дагалдуулалгүй, тусад нь боловсруулж оруулж ирэх нь зүйтэй гэсэн юм. Ингээд Улсын Их Хурлын дарга, гишүүдийн саналыг үндэслэн уг хуулийн төслийг хойшлууллаа.
Ингээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийням, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогос, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг тус тус томилох саналыг танилцуулж байна гээд, нэр дэвшүүлж буй албан хаагчид нь төрийн болон дипломат албанд, мөн хувийн хэвшилд олон жил амжилттай ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой хэмээн тодорхойлов.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд таницуулав. Тэрбээр, уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Н.Энхболд, С.Батболд нар үг хэлж, гадаад валютын нөөц, хөрөнгө оруулалт буурч байгаад анхаарал хандуулж, гадаад бодлогыг эдийн засагжуулах ажлыг эрчимжүүлэх, суугаа орныхоо гадаад бодлогыг мэргэжлийн үүднээс дүгнэж, холбогдох яам, иргэдтэйгээ нягт хамтран ажиллах, гадаад худалдаа, визний асуудлыг урагшлуулах, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар санал хэлснийг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хэлэлцэн буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Өнөрболор, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, Н.Энхболд, Н.Учрал, Г.Дамдинням, Э.Бат-Амгалан нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, технологи, ноу-хау нэвтрүүлэх, бизнесийн болон иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхүү анхаарал хандуулж ажиллахыг зөвлөн, нэр дэвшигчдийг сонгосон үндэслэл, тэдний ажлыг дүгнэх шалгуур, зарчмын талаар асууж, хоёр талын харилцаанд баримтлах бодлого, байр суурийг нь нэр дэвшиж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нэг бүрээс тодруулж, хариулт авсан юм. Түүнчлэн, дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаа, хангамж, зардал санхүүжилт, орон тоо, боломж бололцоо, идэвх санаачилгыг сайжруулах, гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд, тэдний эрх ашгийг хамгаалах талаар хийж буй ажил, арга хэмжээ, гомдол саналын шийдвэрлэлт зэрэг олон асуудлыг хөндөж ярилаа.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням, Ш.Батцэцэг, Д.Батжаргал, Э.Сарантогос, Я.Ариунболд нарыг эгүүлэн татах саналыг дэмжих гэсэн томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Түүнчлэн, Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшигчдийг дэмжих, эсэх асуудлаар хүн тус бүрээр нууцаар санал хураасан юм. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Золжаргалыг томилохыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Баярсайханыг томилохыг 71.7 хувь, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Энхбатыг томилохыг 60.9 хувь, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохыг 80.4 хувь дэмжив. Энэхүү санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв. Төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед тус хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүйг тэрбээр танилцуулж, харин хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн талаар дурдлаа.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, тэдгээрийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудын талаар гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналууд, төслийн зарим заалтаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Дээрх асуудалтай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулав. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасан байна. Энэхүү горимын саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн тул тогтоолын төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулгадаа, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулж, тодорхой санал, дүгнэлт боловсруулсныг дурдав. Тухайлбал, эм эмнэлгийн хэрэгсэлд “чанар ба үнийн хосолмол” үнэлгээ хийх шалгуурыг хуулийн төсөлд шинээр нэмж, чанар ба үнийн хосолмолд хамаарах оноог тендер шалгаруулалтын баримт бичигт тендер зарлахаас өмнө тусгах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгч, олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах зохицуулалтыг өөрчлөн найруулах, Төрийн аудитын тухай хуульд заасан аудитад шинжээч сонгон оролцуулахтай холбогдох худалдан авах ажиллагааг энэ хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулахгүй байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай уялдуулан шүүх шинжилгээний байгууллагын нарийн мэргэжлийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодис нийлүүлэх боломжтой этгээдийн тоо хязгаарлагдмал бол шууд гэрээ байгуулах зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төсөлд тусгасан “төрийн өмчийн музей болон галерейн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн зүйлийг нэг өмчлөгчөөс буюу нэг эх үүсвэрээс худалдан авах” аргад орон нутгийг хамруулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Тогтохсүрэн, Б.Баярсайхан нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгэх тендерийг гацаадаг, шүүхэд ханддаг, улсын ажил, үйлчилгээ, бүтээн байгуулалтыг саатуулдаг бүлэглэлүүд бий болсон талаар ярьж, ийм байдлыг эцэс болгох, түүнчлэн гүйцэтгэлийг чанаргүй хийдэг, нэмэлт санхүүжилт шаардаж бүтээн байгуулалтын ажлыг зогсоодог, стандарт, шаардлагад нийцээгүй ажил, үйлчилгээг хүлээн авдаг зэрэг зүй зохисгүй явдлыг таслан зогсоох, холбогдох этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах талаар хуулийн төсөлд ямар зохицуулалт орж буй талаар асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Сангийн яамны Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул хариулахдаа, тендерт ялсан компанийн материалыг өрсөлдөгчид нь үзэж, танилцах эрхтэй болгож байгаа болон компаниудын тендер гүйцэтгэлийн түүхийг хөтөлж, хүний нөөц, техник хэрэгсэл, өмнө гүйцэтгэж байсан ажлуудын чанар, ажил гүйцэтгэх чадвар зэрэгт нь тохируулан шалгаруулах зохицуулалт хуульд орж буйг танилцуулсан юм. Чанаргүй гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг ашиглалтад хүлээн авсан төрийн албан хаагчдад ногдуулах хариуцлагыг гэмт хэргийг шинжгүй бол Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу оногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм. Төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.