Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.03) хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.6-д заасны дагуу хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг танилцуулав.
Үрэлжлүүлэн Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолын төслийг Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 11 гишүүнээс долоо нь буюу 63.6 хувиар дэмжив.
Төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.