Цэс

Холбоо барих

ТБХ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаан 10 цаг 56 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.8-д заасны дагуу “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана” гэсний дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулж буйг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Энэ үеэр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир горимын санал гаргав. Тэрбээр, "Байнгын хорооны өмнөх хуралдаан дээр хуулийн төслийн талаарх 30 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаахдаа төслийн талаарх өмнөх 30 саналыг хөндөөгүй тул хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуух асуудал дээр  зарчмын зөрүүтэй найман саналын томьёолол бэлтгэснээр санал хураах шаардлагатай" гэж байлаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, С.Одонтуяа, Ж.Батжаргал, Х.Нямбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эмийн чанарын асуудлыг Ажлын хэсэг онцгойлон анхаарч үзэж буйд талархахын зэрэгцээ төслийн агуулгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, "Чанар ба үнийн хосолмол гэх Ажлын хэсгийн саналд үнийн асуудлыг дахин оруулж ирж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад хэмнэлт гэдэг зарчмыг хэрэгжүүлэх шаардлагагүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, "Хуулийн төсөлтэй холбогдуулан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нөхцөл боломжийг хангасан журам, дүрмийг боловсруулах чиглэлийг Байнгын хорооны тэмдэглэлээр өгөх, цаашлаад төсөлд дамжуулан худалдан авах гэдэг ерөнхий нэр томьёог тодорхойлж, илүү нарийвчлах шаардлагатай" гэсэн санал хэлж байлаа. 

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул хариултдаа, Монгол Улсын эмийн зах зээл 650 тэрбум төгрөг байдгийн улсын төсвөөс санхүүждэг нь 220 тэрбум төгрөг. Үүний 50 орчим тэрбум төгрөгийг эмэнд зориулдаг. Нийт зах зээлийн 13.1 хувь нь энэ хуулийн дагуу  явна гэдгийг тодотгосон. Мөн тэрбээр, “Ажлын хэсэг эмийн асуудлыг онцгойлон ярилцаад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу үнэ болон чанарыг нь харьцуулан үздэг болъё гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл дээр шинэ үнэлгээний шалгуурыг тусгайд нь хуулийн төсөлд тусгасан”  хэмээн нэмэлт тайлбарыг өгсөн.

Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, Эмийн асуудал Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн бүтээгдэхүүн гэдгийг онцлоод эмийн худалдан авалтад чанар ба үнийн хосолмол арга, шалгуурыг нэмж оруулсан. Зөвхөн чанарыг харгалзана гэвэл өрөөсгөл асуудал болно. Иймд чанар ба үнийн хосолсон зохистой харилцааг харгалзан үзнэ гэж тусгах нь зөв. Өнөөдөр үнийн нөлөөлөл 70, чанар 30 хувь байна гэсэн журам батлаад хэрэгжүүлж байсныг өөрчлөөд чанар нь 70, үнийн нөлөөлөл 30 хувь гэдэг юм уу ийм харьцаатайгаар зохицуулъя гэж ярилцсан” хэмээх тайлбарыг хэлж байлаа. Мөн тэрбээр "Импортоор оруулж ирж байгаа эмийн зах зээлийн тавхан хувийг энэ шалгуураар худалдан авах юм. Үлдсэн 95 хувийг эм ханган нийлүүлэх аж ахуйн нэгжүүд оруулж ирж байгаа тул хуулийн төслийн 36.1.2 дахь заалтаар гадаад улс орны олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг үйлдвэрлэгч болон олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах  эрхийг нь нээж өгсөн.  Энэ нь том эргэлт болно" хэмээн хариулж байлаа. 

Ингээд Ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүдээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 11 дүгээр зүйлд "чанар ба үнийн хосолмол." агуулгатай 11.4.3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн. Мөн төслийн 11 дүгээр зүйлд “3ахиалагч энэ хуулийн 11.4.3-т заасан шалгуурыг хэрэглэх бол чанар ба үнийн шалгуур тус бүрд өгөх оноог тендер шалгаруулалтын баримт бичигт заана.”,Чанар ба үнийн хосолмол үнэлгээний шалгуурыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад хэрэглэнэ." гэсэн 11.7, 11.8 дахь хэсэг нэмэх, төслийн 27 дугаар зүйлд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу онооны дарааллаар эрэмбэлж, хамгийн өндөр оноотой тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” гэсэн  27.6 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл