Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.02) хуралдаан 11 цаг 33 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Эхлээд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд оролцсон гишүүдийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” тохиолдолд Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа санал хураалт явуулж болно хэмээн заасан байдаг. Энэ дагуу санал хураалт явуулж шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв

Дараа нь “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна”, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Комиссын илтгэлийг жил бүрийн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргана” гэж тус тус заасан байдгийг танилцуулав.


Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хэрэгжүүлдэг. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тус Дэд хороонд ирсэн өргөдөл, гомдлын 80 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон, баривчлагдсан, мөрдөн байцаах шатанд эрүүдэн шүүсэн байх магадлалтай талаарх өргөдөл, гомдол эзэлж байгааг хэлсэн.


Хэлэлцэж буй Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “… эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах...” гэж тусгасан байгаа бөгөөд энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комисс ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Мөн илтгэлд дурдагдсан ахмадын эрхийн хэрэгжилттэй холбоотой эрх зүйн ямар шинэчлэл шаардлагатай байгааг лавласан юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн гишүүний асуултад хариулт өгөв. НҮБ-ын  гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх шинэ механизм болох Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR-Universal Periodic Review) болдог. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн ажлын багийн 36 дугаар чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр цөөнгүй улс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах саналыг хэлж байсан гэлээ. Түүнчлэн тус ажлын хэсгийн тайланд үндэслэн 170 гаруй зөвлөмжийг Монгол Улсад өгсний ихэнх нь дээрх агуулгатай байсныг Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хэлэв. Хүний эрхийн Үндэсний Комисс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулахыг бүрэн дэмжиж байгаа илэрхийлж, энэ талаарх санал, зөвлөмжийг олонтаа гаргаж байсныг тус Комиссын дарга Ж.Хунан хэлсэн. 


Энэ удаагийн илтгэлийн хүрээнд ахмад настны эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Ахмад настны тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон нийгмийн даатгалын шимтгэл болон татвартай холбоотой асуудлуудаар эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай байгаа талаар илтгэлд тусгасныг Комиссын гишүүн Д.Сүнжид тайлбарлав.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын гэр бүлийн нийгмийн асуудлыг тусгай нөхцөлөөр хуульчлан зохицуулах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэлсэн бол Жагсаал цуглаан хийх журмын тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлэхийг дэмжиж буйгаа Д.Цогтбаатар гишүүн илэрхийлсэн.


Байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл нь долоон бүлэгтэй бөгөөд энэ илтгэлийг Байнгын хороо хоёр өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн болохыг тэмдэглэн хэлэв. Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан, хэлэлцэж байгааг дурдав. Хэлэлцэж буй тогтоолын төсөлд илтгэлийн нэгдүгээр бүлэг буюу “Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар” сэдвийн хүрээнд 9 асуудалд анхаарч арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Мөн дөрөвдүгээр бүлэг буюу хүүхдийн эрхийн талаар 3 чиглэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг, тавдугаар бүлэг буюу ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар 4, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар 2 чиглэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Түүнчлэн Жагсаал цуглаан хийх журмын тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, өргөн мэдүүлэхийг, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалинг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхийг, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тус даалгахаар төсөлд тусгасныг Б.Энхбаяр гишүүн хэллээ.


Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаан оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүний 66.7 хувь нь “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны тогтоолыг батлав

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.


Энэ сард Байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл