Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.04.28) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулж, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх”, 8.1.2-т “Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж, мөн зүйлийн 8.1.3-т “Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний дотор хэлэлцэж, батлах”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9.1.1-д “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, төсвийн тусгай шаардлагад нийцүүлж хуульчлан батлах” гэж тус тус заасан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болсон гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг хүснэгтээр батлах тухай гэсэн нэг зүйлтэй байна гээд хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2024 оны төсвийн зарлагын хязгаар, 2025-2026 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.