Цэс

Холбоо барих

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Д.Өнөрболорыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны, Ж.Эрдэнэбатыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгажээ.

Ингээд Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн.

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Энэ үеэр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлсэн. Тэрбээр “Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Д.Батлут нар эмийн худалдан авалтад хамгийн бага үнийн санал буюу хэмнэлтийн зарчмыг мөрдөх боломжгүй. Чанартай эм худалдан авснаар иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас гадна цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж буйг дурдсан тул Ажлын хэсэг гишүүдээс гаргасан саналыг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт нь буцаах  горимын санал гаргаж байна” гэв.

Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжсэн тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд буцаалаа.


Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгээс авсан нэг хоногийн завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 96 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” гэж тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөл жуулчинд энэ хуулийн 11.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг;” гэж, мөн “.отоглох цэг” гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг;  гэсэн агуулгатай 4.1.12, 4.1.13 дахь заалт нэмэх санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалттай газар байдаг. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй, нутгийн иргэдэд өвөлжөө, хаваржаа барих, бүр түлээний мод бэлтгэх эрх байдаггүй. Өөр бүсэд очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр хэдэн хүний хамгаалалтад өгөхөөр нутгийн иргэдээс илүү буруу ашиглах явдал гардаг тул хуулийн төслийн 3.2 дахь заалтыг дахин ярилцах шаардлагатай" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, "Хөтөч, тайлбарлагч хийх хүн бүртгүүлж, үнэмлэхтэй байж жуулчны үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байна. Гэтэл жуулчны баазад тухайн чиглэлийн асуудлыг сайн мэддэг түүхч, судлаач, геологч зэрэг мэргэжлийн эрдэмтэн хүмүүс заавал сургалтад сууж, үнэмлэх авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Хуралдаан даргалагч гишүүдийн хэлсэн саналтай холбогдуулан төслийн тусгай хамгаалалтай газар нутаг дахь аялал жуулчлалын үйл ажиллагаа,  даатгал, аялал жуулчлалын бүс, отоглох цэг болон мэргэжлийн холбооны үйл ажилагаа, хүрээ хязгаар болон шилжилтийн үеийн зохицуулалтыг хөндсөн зарим саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн.

 

Мөн төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих.гэсэн 22.1.13 дахь заалт нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “.харьяалах нутаг дэвсгэртээ улсын болон олон улсын чанартай авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, жуулчинд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах;”, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, нийслэлд аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан ажиллуулах.” гэсэн 24.1.15,  24.1.16 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон бол хуралдаан даргалагчаас Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, гүйцээн боловсруулах чиглэл өглөө. 

Харин Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, “Хуулийн төсөлд ан амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар явуулахаар тусгасан. Монголд дуудлага худалдаа хэрэгтэй төдийгүй энэхүү орлогын 20 хувийг орон нутагт нь олгох зохицуулалтыг тусгасан тул төслийг хэлэлцэх шаардлагатай” гэв. Ингээд уг төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнгүй. Төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, “Дотоод, гадаадын жуулчид, иргэд загасыг бариад буцааж тавьдаг тул Амьтны тухай хуульд амьтан, загас хоёрыг ялгаж үзэх хэрэгтэйг Ажлын хэсгийнхэнд анхааруулав. Хуралдаан даргалагчаас гишүүдээс гаргасан саналыг харгалзанж үзэж, уг хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгөв.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  1 дүгээр зүйлд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалах, соёл, аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой харилцаанд энэ хуулийн 27.12-т заасан журам үйлчлэхгүй бөгөөд хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж ашиглуулна.” гэсэн 1 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин төслийн 1 дүгээр зүйлд  “Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан газарт Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар явуулж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэхгүй байж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ.” гэсэн заалтууд нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус  дэмжив.

Иймд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл