“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 16
дугаарт Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.
Уг хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр” гэснийг “Шийдвэр” гэж өөрчилж, тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан хуулийг хэлэлцээрийн хамт нийтэлжээ.
Энэхүү Хэлэлцээрийн дагуу Талууд өөрийн улсын нутаг дэвсгэрээр аль нэг Талын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгслээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх эрхийг тээвэрлэгчдэд олгох бөгөөд гэрээгээр хүлээх үүрэг, бусад зохицуулалтын талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.