Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороонд ажиллав

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар өнөөдөр (2023.04.26) Санхүүгийн зохицуулах хороонд  ажиллав. 


    Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Улсын Их Хурлын гишүүдэд байгууллагын үйл ажиллагааны талаар эхлээд танилцууллаа. Тэрбээр олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бий болгох, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичгүүдэд туссан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, нэр төрлийг олшруулах зорилтуудын хүрээнд сүүлийн хоёр жилд хамгийн өсөлттэй салбар Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтын салбар байлаа. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийн өсөлт хамгийн өндөр байсан. Хөрөнгийн зах зээлийн өсөлтөд Банкны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн болох үйл явц хэрэгжиж эхэлсэн нь  нөлөөлсөн хэмээн онцлов.

    Мөн, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийг олон нийтийн болгох үйл явц эхэлсэн. Цаашид олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх үйл явцад зөвхөн бодлого боловсруулагчид бус дэд бүтцийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сайжруулах, тэр дундаа мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь баазыг өргөтгөх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг сайжруулах, иргэдэд хөрөнгийн зах зээлд оролцох боломж, бололцоог нээж өгөх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдаар дамжуулж зөвлөгөө, үйлчилгээ авах эрх зүйн боломжуудыг нээх талаар анхаарал хандуулан ажиллаж байна гэв.


    Байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар тэрбээр хэлэхдээ, 2006 онд Хороо анх байгуулагдахад үнэт цаасны зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн үндсэн салбарын хүрээнд хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа явуулсан. 2020 оноос хойш дээрх чиг үүргүүд дээр нэмэгдээд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт металл, түүгээр арилжаа эрхлэгчид, виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдийн бүртгэл, банкууд олон нийтийн болох үйл явц болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа, сэндбоксын орчин, нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой үйл ажиллагаа, уул уурхайн түүхий эдийг биржээр дамжуулан арилжаалахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах гээд маш олон салбарын хяналт, зохицуулалтын чиг үүргүүд нэмэгдсэн. Чиг үүргүүд нэмэгдсэнээр хүний нөөцийн хүрэлцээгүй байдалтай байгаа ч бид аль болохоор төрийн ажлыг цалгардуулахгүйн тулд ажиллаж байна хэмээн танилцууллаа. 

    Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд үг хэлж, санал бодлоо хуваалцсан. Байнгын  хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Байнгын хороогоор Хорооны тайланг хэлэлцэх үед анхаарах зарим асуудлын талаар чиглэл өгөхийн зэрэгцээ байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд Улсын Их Хурлаас анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл