Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга ном хэвлэгдлээ

 


Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэйгээр мэдээлж, сурталчлах зорилгоор УИХ-ын Тамгын газраас чуулган бүрээр эрхлэн гаргадаг ээлжит ном хэвлэгдлээ.

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулгад чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон Байнгын, Дэд, Түр хороодын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж, хэчнээн хууль тогтоолууд баталсан талаарх мэдээлэл, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэллээ. Мөн ээлжит чуулганы нээлт, хаалт дээр УИХ-ын даргын хэлсэн үг, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэлсэн байна.

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хуулийн дагуу ажлын 78 хоног хуралдаж, бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 271 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 2 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц соёрхон батлах 2 хууль, Улсын Их Хурлын 38 тогтоол, нийт 331 хууль тогтоомж батлав.

Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 29 гишүүн 88 асуудлаар 18 удаа асуулга, Улсын Их Хурлын 7 гишүүн 19 асуудлаар 7 удаа асуулт тавьсан. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газраас нийт 7 удаа мэдээлэл хийсэн байна.

Олон нийтэд зориулсан уг танилцуулгад Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай болон Шүүх шинжилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулгууд,  инфографикуудын хамт нийтлэгдлээ.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын, Дэд хороодын хуралдааны талаарх тоон үзүүлэлт бүхий тойм, УИХ хянан шалгах чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх танилцуулга болон Байнгын хороодын үйл ажиллагааны мэдээллүүд, УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга, асуултууд, хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалт, батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, сонгогчдод цэгцтэй, бодитой ойлголт өгөх үүднээс бэлтгэсэн инфографик, холбогдох гэрэл зураг, бусад мэдээллүүдийг нийтлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл