Цэс

Холбоо барих

Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгээс “Технологи, Хүний хувийн мэдээлэл, Хүний эрхийн эрсдэл” сэдэвт ээлжит сургалтыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс нийгмийн мэдлэг (мэдрэмж) олгох цуврал сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр (2023.04.21) Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран энэ оны хоёр дахь удаагийн сургалтыг “Технологи, Хүний хувийн мэдээлэл, Хүний эрхийн эрсдэл” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулж, Тамгын газрын 90 гаруй ажилтан хамрагдлаа. Сургалтын эхэнд Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах зөвлөх Т.Баярмаа "Техник, технологийн дэвшил нийгмийн өдөр тутмын харилцааны салшгүй нэг хэсэг болсон өнөө цагт иргэн өөрөө хувийн мэдээллээ хамгаалах, аюулгүй байдлыг хангахын ач холбогдлыг чухалчилж, энэ талаар нэгдсэн ойлголттой байх нь чухал" гэдгийг тэмдэглэв. 


Үргэлжлүүлэн үндсэн сэдвийг илтгэлийг Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулсан юм. Энэ удаагийн сургалтаар технологийн хурдацтай хөгжил ба хүний эрх, хувийн мэдээллийн эрсдэл, хувь хүний мэдээллийг хамгаалах олон улсын болон Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, энэ хүрээнд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гүйцэтгэх чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн цахим орчинд хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр дамжуулах, ашиглах эрсдэлүүдийг холбогдох жишээн дээр тайлбарлаж, энэ талаарх олон улсын эрх зүйн зохицуулалтуудыг харьцуулан тайлбарлав. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 126 улсад хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталж, хүчин төгөлдөр мөрдөж байна. Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 сарын 17-ны өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталснаар Үндсэн Хуульд заасны дагуу иргэний халдашгүй чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх эрхийг хуулиар тогтоон хамгаалж, суурь эрх зохицуулалтыг бүрдүүлсэн. Уг хуулийн хүрээнд Хүний Эрхийн Үндэсний Комисс нь мэдээлэл хамгаалахад дэмжлэг үзүүлж, гомдол гаргасан мэдээллийн эзний эрхийг хамгаалах, зөвлөмж өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэхчилэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах арга зүйд суралцах, олон улсын чиг хандлага, сайн туршлагыг дэлгэрүүлэх, аливаа асуудалд нийгмийн мэдрэмжтэй хандах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл