Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.20/ хуралдаан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаарх уг хэлэлцүүлэг үдээс өмнөх хуралдаанд бүтэн өрнөж, үдээс хойш үргэлжиллээ.
Үдээс хойших нэгдсэн хуралдаан дээрх асуудлаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Асуулт асууж, саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёр сонгуульд дараалан нэр дэвшүүлээгүй төдийгүй парламентад суудал аваагүй намыг идэвхгүй байдалд оруулах зохицуулалтыг хэрэглэж болох эсэх, улс төрийн намыг бодлого, хөтөлбөр боловсруулдаг, судалгаа хийдэг институц болж төлөвшихөд түлхэц үзүүлэх хуулийн зохицуулалтыг илүү тодорхой оруулах, нам дэргэдээ сантай байх талаар байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төслүүдийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэх, намуудыг ил тод болгох, цахимжуулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд намуудын хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөв. Мөн намын гишүүний татварын дээд хэмжээг хэрхэн тогтоосон, хууль батлагдсанаар Монголын улс төрийн салбарын хөгжлийн хандлага хэрхэн тогтох зэргийг асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал намуудыг хариуцлагатай болгоход чиглэсэн зарим босго, шалгуур нь хэт өндөр буюу зөвхөн эрх барьж байгаа нам л хангаж чадахуйц түвшинд байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, улс төрийн харилцаанд төрийн оролцоог хэт нэмэгдүүлсэн байгааг шүүмжилсэн юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, П.Анужин, Ц.Идэрбат нар жендерийн тэгш байдлыг хангаж буй болон улс төрийн намын дотоод ардчилал, бүтцийн төлөөллийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, хянах, төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлэх сонгогчдын саналын болон суудлын санхүүжилтыг тооцох аргачлал зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулт өгөв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулахдаа Улсын Их Хуралд суудалтай, суудалгүй бүх намаас санал авч, эрдэмтэн, судлаачдын багийг ажиллуулсан гэдгийг хэлж, намуудыг хариуцлагажуулах, хатуу гишүүнчлэлээс татгалзах, бодлого, судалгааны институциуддээ нийт санхүүжилтийнхээ 30 хувийг зарцуулах, тодорхой хүрээнд хандив, тусламжийг хориглох, нэр дэвшүүлэх гишүүдээсээ хандив авахгүй байх, сонгогчдын 2.0 хувийн санал авсан байх, шинээр нам байгуулах шат дамжлагыг нэмэгдүүлж, сонгуулийн байгууллагаар хянуулах замаар Дээд шүүхэд бүртгүүлдэг болох зэрэг нарийвчилсан зохицуулалт нь улс төрийн намуудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, улс төрийн салбарыг эрүүлжүүлэхэд чиглэж буйг онцолж байлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, улс төрийн нам бол өөрөө өөрийгөө засагладаг, олон нийтийн байгууллагын статустай, эрдэмтэн, судлаачдын нотолгоонд суурилсан байр суурийг хүчтэй илэрхийлдэг байгууллага болохыг дурдан, төсөлд төрийн буюу хөндлөнгийн байгууллагын оролцоог түлхүү оруулж, намын гишүүд өөрсдөө өөрсдийгөө хэрхэн засаглах тухай зохицуулалт бага байгааг анхааруулсан юм. Түүнчлэн Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэх шаардлагатайг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хатуу гишүүнчлэлийг нэгмөсөн халах, сонгуулийн байгууллагаар дамжуулан дээд шүүхэд бүртгүүлдэг болох шат дамжлагыг эргэж харах нь зүйтэй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын газрын татан буулгаснаас төвлөрсөн өмч, хөрөнгийг орон нутагт дахин хуваарилахтай холбоотой зарчмын зөрүүтэй нийт 39, найруулгын хоёр санал бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн бэлтгэсэн саналуудыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хууль тогтоох дээд байгууллага төрийн өмчийн бодлогын асуудлыг хэлэлцэх ёстой, тавилга, эд хөрөнгө хуваарилах зэргийг Засгийн газар, холбогдох агентлагийн түвшинд шийдвэрлэх боломжтой гэсэн санал хэлж, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, тогтоолын төслийг эмхэлж цэгцлэн дахин оруулж ирэх чиглэл өгч, хууль санаачлагчид буцаах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дагуу тус байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид буцаалаа.
Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэв. Тогтоолын төслийг Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан юм. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл сайжирч, Монгол Улсын гадаад валютын орох урсгал нэмэгдсэн тухай өгүүлж, Засгийн газар онцгой дэглэмийн хугацааг сунгах үндэслэл шаардлагын талаар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын өртөг зардлыг бууруулах, ил тод байдлыг хангах, биржийн арилжааг боломжит түвшинд тогтвортой хадгалах, сайжруулах, компанид үүссэн сөрөг асуудлуудыг арилгах гэхчлэн дурдсаныг тэмдэглэв. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б,Баттөмөр, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, С.Ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Г.Ганболд, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн байна. Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон хууль зүйн үндэслэл, түүний ажил үүргийн давхардал, БНХАУ-ын төмөр замтай холбогдоогүй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, иргэдэд олгосон 1072 хувьцааг амь оруулах болон ногдол ашиг олгох, нууцаар байгуулсан оффтэйк гэрээнүүдийг хүчингүй болгосон эсэх, нүүрс угаах, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын бүтээн байгуулалт, хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгосон шалгуур зэрэг асуудлуудаар асуулт асууж, үг хэлсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ч мөн дээрх гишүүд эдгээр асуудлаар дахин байр сууриа илэрхийлж, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, 1992 оны онд шинэ Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа ба Үндсэн хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан зарим эрх зүйн баримт бичиг одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь Үндсэн хуульд нийцэж байгаа болон онцгой дэглэм тогтоох асуудал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягтлав. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Н.Ганибал, Т.Аубакир, Э.Батшугар, С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Б.Баттөмөр нар шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд үлдсэн, хэр хугацаанд гүйцээн шийдвэрлэх боломжтой, олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар аудит хийлгэх ажил ямар шатанд яваа, алдаатай гэрээнүүдийн нөхцлийг сайжруулж, засаж залруулсан эсэх, бүтээн байгуулалтуудыг ойрын хугацаанд хийх эсэх, эдгээрийн хөрөнгө оруулалтыг олон улсын биржүүд дээр IPO гаргах замаар шийдвэрлэх боломж, Багануурын нүүрс-химийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх эсэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Шадар сайд С.Амарсайхан, онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсноор татвар, хураамж 1.6 дахин нэмэгдэж, нүүрсний зах зээлийн өрсөлдөөн сайжирч, Монгол Улсын эдийн засагт нааштай сэргэлт гарч байгааг дурдаад, нүүрсний хулгайтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үүссэн, мөрөн байцаах шатанд байгаа олон хэрэг байгаагийн дотор зөвхөн эрүүгийн хэрэг 45 байгааг танилцуулсан юм. Түүний мэдээлснээр, эдгээрээс зөвхөн дөрөв нь шүүхэд шилжээд байгаа аж. Цаана нь олон холбогдогчтой, олон хэрэг байгаа бөгөөд эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, баримт материал гаргаж өгөх ажил “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр явагдаж байна талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудал батлагдсан тохиолдолд онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ажил үүргийн давхардлыг шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Мөн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, сүүлийн 12-13 жил уурхайн амны үнээр нүүрс аваад сурчихсан БНХАУ-ын худалдан авагчид хилийн үнээр, биржээр арилжаалах нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй байх тохиолдол гарч байгаа тул худалдан авагч талтай яриа тохиролцоог үргэлжлүүлэх, Тавантолгойгоос Цагаан хад, цаашаа улсын хил хүртэл өөрсдөө тээвэрлэн хүргэж ажлыг зүгшрүүлэх, сорчлон олборлохгүй байх, эрчим хүчний болон сул кокстой нүүрсийг баяжуулж, үнэ өртгийг нэмэгдүүлэх, олборлосон болон борлуулсан нүүрсэнд хэмжилт хийх, тээвэрлэх явцад гарч буй хэвийн хорогдлын нормыг батлуулах, компанийн өөрийн үйл ажиллагаанд хамааралтай болон хамааралгүй 11 төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсныг эрэмбэлж, эхний ээлжинд үйл ажиллагаандаа шууд хамааралтай төслүүдийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Хятадын төмөр замтай холбох гэх мэт олон асуудал хүлээгдэж буйг ярилаа.
Хэлэлцэн буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар горимын санал гаргав. Тэрбээр, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар онцгой тохиолдолд хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр шууд бүрэн эрх хэрэгжүүлэх эрх зүйн тусгай журам тогтоох асуудлыг хуульчилсан. Улмаар Монгол Улсын шинэ Үндсэн хууль гарч шинэ эрх зүйн орчин буй болсон.Тухайн үеийн протоколыг уншиж байхад өмч хувьчлалтай холбоотойгоор хоршооллын болон улсын өмч эзэнгүйдэж, улсын үйлдвэрийн газрууд дээр онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага гарсан учраас түр үйлчлэх ийм журам гаргаж байжээ. Гэвч 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Бага хурлын бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд Улсын Их Хурлыг эрх залгамжлагч гэж үзэхгүй хэмээн заасан. Улсын Их Хурал энэ журмыг 2019 онд Эрдэнэт үйлдвэрт хэрэглэхдээ, эдийн засгийн онцлог нөхцөл байдалд дээрх хуулийн нийтлэг журам нийцэж байна гэж тогтоогоод, эрх зүйн орчин өөрчлөгдсөн тул уг хуулийг хүчингүй болгох тухай дагавар протоколтойгоор хэрэглэсэн. Тэгэхээр энэ хууль үндсэндээ үйлчлэхгүй болсон, хуулийг хүчингүй болгох асуудал нэгэнт хэлэлцэгдээд дэмжигдчихсэн, одоо анхны хэлэлцүүлэгт ороод явж байгаа гэж үзэж болно. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дээрх нөхцөл байдалд нийцүүлж, Засгийн газарт эрх олгох тухай БНМАУ-ын хуулийг хүчингүй болгож, шаардлагатай бол онцгой дэглэм тогтоох журмыг Засгийн газрын түвшинд зохицуулдаг эрх хэмжээ бий болгосон шинэ эрх зүйн зохицуулалтыг батлах ёстой гэлээ. Тэрбээр, БНМАУ-ын үед батлагдсан, одоо хэрэглэхээ больсон ч хүчингүй болгоогүй 1986 оны Эрүүгийн хууль, 1957 оны Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль, мөн Газрын хэвлийн тухай, Өршөөл үзүүлэх тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, Тэтгэмжийн тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай зэрэг есөн хууль байгааг дурдаж, эдгээр хуулийн эрх зүйн үр дагаврыг арилгах нэмж, тогтоолын төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэн, анхны хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын гаргасан горимын саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаав. Эдийн засгийн байнгын хороо яаралтай горимоор өглөө хуралдаж, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцах хэлэлцүүлгийг эхлүүллээ. Тайлан болон санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах зорилгоор тус банк байгуулагдсанаас хойших хугацааны зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой баримт материалууд болон зээлдэгч аж ахуйн нэгж байгууллага, арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн ашиглалт, зарцуулалттай холбоотой материал, дансны гүйлгээ, төсөл, хөтөлбөрийн үр өгөөж, Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр ашигт байдал, түүнд тавигдах дотоод болон хөндлөнгийн хяналтын тогтолцооны үйлчлэлтэй холбоотой баримт материалыг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Тус банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, мөн тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн багцын хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгаж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэй зохион байгуулж олон нийтэд шууд дамжуулан хүргэсэн. Сонсгол нийт 13 өдрийн турш үргэлжилж, 672 иргэнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн биечлэн оролцсон гэлээ. Тус Хянан шалгах түр хороо холбогдох хуулийн хүрээнд арилжааны 12 банканд газар дээрх хяналт шалгалтыг явуулж, зээлдэгч бүрийн санхүүжилтэд данс хөөх аргаар зарцуулалтыг нэг бүрчлэн шалгаж дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд,
Нэг. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд 18.3 хувь нь зориулалтын дагуу буюу зээлийн гэрээнд заасны дагуу зарцуулалтыг хийсэн, 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу зээлийн тодорхой хэсгийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, 7.4 хувь нь зээлийг 100 хувь зориулалт бусаар ашигласан, 0.3 хувь нь нягтлах боломжгүй буюу зээлийг бэлэн зарлагын гүйлгээгээр зарцуулсан байна.
Хоёр. Монгол Улсын Хөгжлийн банкны шууд зээлдэгч 77 арилжааны банкаар дамжуулан зээлдэгч 2542, Засгийн газарт шилжүүлсэн багцын 355 төсөл, хөтөлбөрийг гүйцэтгэгч 279 компани, тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 42 зээлдэгч, нийт 3000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч нар дээр бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн мэдээллийг улс төрийн хамаарлын хүрээлэлтэй тулгаж нягтлахад 125 хуулийн этгээд, найман иргэн, нийт 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай зээлдэгчид нь Хөгжлийн банкнаас нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан байгаа нь тус банкны нийт олгосон 7.5 их наяд төгрөгийн зээлийн 20%-ийг эзэлж байна.
Гурав. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг олгохдоо хууль, бодлого, журмыг хангасан эсэх нийцлийг шалгахад хуулийн зорилттой нийцсэн төсөл 33 хувь, бүрэн бус нийцэлтэй төсөл 49.5 хувь, нийцээгүй төсөл 17.5 хувийг тус тус эзэлж байна.
Дөрөв. Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулагдаж ажилласнаас хойш зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтөө идэвхжүүлсэн нь 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 1.08 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс харагдаж байна.
Тав. Хөгжлийн банканд 2011 оноос хойш ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын баг нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс тухайн үеийн зах зээлийн хүүгийн хэмжээгээр харьцуулан тооцоолоход 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүсгэж банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.
Тайлангийн дүгнэлтүүдээ танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр уг тайланг түр хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг мөн танилцуулсан юм. Санал дүгнэлтэд, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, засаглалын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд Хөгжлийн банканд үүссэн хүндрэл бэрхшээл арилахгүй, нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй байгааг дурдсан байна. Иймд Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкийг татан буулгах, Хөгжлийн банкны үйл ажиллагааг нь өнөөдрийн хэлбэрээр үргэлжлүүлэхэд ямар эрсдэл үүсэх талаар холбогдох тооцоо судалгаа хийжээ.
Хөгжлийн банкны нийт хөрөнгө 2023 оны эхний улирлын байдлаар 3.9 их наяд төгрөг, чанаргүй зээл болон анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөг, хуримтлагдсан алдагдал 455 тэрбум төгрөг байна. Банкны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээрх мөнгөн урсгалын зөрөө 2023 оны 10 дугаар сарын байдлаар 1.03 их наяд төгрөгт хүрэх, 2025 оны 12 дугаар сар хүртэл дунджаар 950 тэрбум төгрөг байх хүлээлттэй байна. Гадаад бондын эх үүсвэрийн батлан даагч нь Засгийн газар бөгөөд Хөгжлийн банкийг татан буулгасан тохиолдолд дээрх алдагдал улсын төсөвт дарамт учруулах, гадаад валютын улсын нөөцөөс төлөгдөх эрсдэлтэй байгаа юм. Ийм нөхцөлд Хөгжлийн банкийг татан буулгах нь хамгийн амархан боловч санхүүгийн хувьд өндөр зардалтай эдийн засгийн хувьд үр ашиггүй. Ирээдүйд дахин хөгжлийн хөтөлбөрүүд санхүүжүүлэх институц байгуулах шаардлага үүссэн нөхцөлд бүгдийг шинээр эхлэх шаардлага тулгарна гэж Хянан шалгах түр хороо дүгнэсэн байна.
Мөн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдалд, сүүлийн хорь гаруй жилд хэт ойртсон зааг ялгаагүй хаалттай, авлигажсан улс төр, бизнес, банк санхүүгийн санхүүжилтийн тогтолцоо тус банкны засаглал, хүний нөөц, шийдвэр гаргалтад гүнзгий нэвтэрсэн, засаглалын хувьд зохистой зарчим хэрэгжээгүй, улс төрийн хууль бус нөлөөллөөс ангид тогтвортой, мэргэжлийн шийдвэр гаргаж чадаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Мөн, банкны үндсэн бизнесийн загвар нь тооцоолол, судалгаа шинжилгээнд бүрэн суурилаагүй, орлого олох эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлыг нөхөх үйл ажиллагааны чиглэл байхгүй, нийт зээлийн санхүүжилтийн дийлэнх нь үндсэн зорилгодоо нийцээгүй, зээлийн зарцуулалт үр дүнд хийх хяналт сул, хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэсэн дүгнэлтийг тус түр хороо хийсэн байна. Цаашид, Хөгжлийн банкны засаглал, удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, банкны хяналтын “Базелийн хороо”-н зарчмууд зэрэг дотоод хяналт ба эрсдэлийн удирдлагын тогтолцооны бүтэц эрх хэмжээг тусгасан засаглалын зарчмуудад үндэслэн банкны засаглалын бодлого, эрсдэлийн бодлогыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх болон дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, тэдэнтэй гэрээ байгуулж ажиллах, гүйцэтгэх удирдлагыг багаар нь сонгон шалгаруулж, гэрээ хийн, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд дурджээ.
Мөн олон улсын банк санхүүгийн стандартад нийцүүлж Хөгжлийн банкны эрх зүйн орчин, дүрэм журмуудыг шинэчлэх шаардлагатайг ч тэмдэглэжээ.
Хянан шалгах түр хорооны тайлан болон санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд, Н.Ганибал, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэллээ. Тус Түр хорооны анхны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ард түмний төлөөлөл болон ажиллаж буйн мөн чанараа илтгэн харуулж, олон талын мэдээллийг улс орон даяар ил болгон, нийтэд танилцуулан хэлэлцүүлж, тайлан дүгнэлтээ гаргасан Хянан шалгах түр хорооны гишүүд, оролцож ажилласан нийт хүмүүст баяр хүргэж талархал илэрхийлсэн юм. Тэрбээр энэ Хянан шалгах түр хорооны явуулсан гурван шатны сонсгол, түүний үр дүн бол Монгол Улсын түүхэнд сургамж, бас гарын авлага болно хэмээн цохон дурдлаа.
Хянан шалгах түр хорооноос “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.