“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна.
Мөн эмхэтгэлийн тус дугаарт Журам батлах тухай, Төслийн жагсаалт шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд тус журмын зорилго нь төрийн өмчит, улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг тогтвортой хөгжүүлэх, биет болон биет бус нөөц, хүний нөөцийн чадавхыг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн шинжлэх ухааны судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлж, үр дүнд суурилсан санхүүжилт олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Түүнчлэн тус журмаар судалгааны үндсэн чиглэл батлагдсанаас хойш 30 хоногийн дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хүрээлэн, төвийн төсвийн шууд захирагчтай судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулах бөгөөд хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх ажээ.
Харин “Төслийн жагсаалт шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ыг баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.