Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.04.18) зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хүрэлсүх болон Сүхбаатар, Баруун-Урт, Асгат, Мөнххаан сумын малчдын төлөөлөл, газрын даамал, багийн Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, холбогдох салбарын мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй хүний төлөөлөл оролцож төслийн хүрээнд санал, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Бэлчээрийн тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өгч, танилцуулга хийлээ. Тэрбээр, “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг зохицуулах асуудлыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан. Бэлчээрийн тухай хуулийг батлах зайлшгүй шаардлага бий болсон. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, уул уурхай, мал аж ахуйг зааглаж тусгасан. Отрын нөөц бэлчээр, бэлчээр ашиглагчдын бүлэг, дамжин өнгөрөх бэлчээр, бэлчээрийн даац, бэлчээр ашиглагч, улирлын бэлчээр, нийтийн ашиглах бэлчээр зэрэг нэр томьёоллыг тодорхой тусгаж байгаа. Эдгээр зохицуулалтууд нь бэлчээр ашиглалтаас үүдэлтэй малчдын дунд үүссэн маргааныг цэгцлэхийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг бууруулахад чухал түлхэц болно” гэв.
Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа, "Бэлчээр нь нөхөн сэргээгддэг баялаг. Бэлчээрийн доройтлыг малын тоо толгой, уур амьсгалын өөрчлөлтөөс болж байна гэж иргэд талцдаг. Дорнодоос бусад аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даац хэтэрснээс малын тарга, хүч дутмаг байна. Түүнчлэн малын өвчлөл ихсэж, ургамлын шимт чанар 30-40 хувь буурсан. Сүхбаатар аймагт бэлчээр хуурайшиж, ургамлын био масс буурахын зэрэгцээ хялгана шарилжаар солигдож байна. Бэлчээр сэлгэж өнжөөхгүй бол малд шаардлагатай шимт өвс, ургамал ургах боломжгүй. Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон, үүний 12 хувь нөхөн сэргээх боломжгүй хэмжээнд хүрээд байна. Нийт доройтсон бэлчээрийн 80 хувийг сэлгэж, өнжөөвөл бэлчээр сэргэх боломжтой. Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан, Уулбаян зэрэг сумын нийт бэлчээрийн 54 хувь нь доройтолд орсон" гэдгийг хэллээ.
Хэлэлцүүлэгт оролцсон малчдын хувьд уул уурхай, малчдын бүс нутгийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэж байлаа. Тухайлбал, уул уурхайн компаниуд мал бүхий бүс нутагт худаг гаргаж, гүний усыг үр ашиггүй зарцуулж байгааг малчид шүүмжилж байв.
Харин бэлчээр ашиглалтын гэрээг бүс нутгийн бэлчээрийн онцлог, малын тоо толгойтой харьцуулж хийх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийллээ.