Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ниелс Хэгэвишийг хүлээн авч уулзав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2018.04.24) ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ниелс Хэгэвишийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Байнгын хорооны үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээний талаар товч танилцуулга хийлээ.

Тэрбээр, Монгол Улс дахь нийгмийн цахим сүлжээний нэгдсэн зохицуулалт, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, нийгмийн цахим сүлжээний хэрэгжилтийг сайжруулах тухай хууль, эрх зүйн орчныг Монгол Улсад хэрэгжүүлж, бэлтгэхэд дараах хэд хэдэн санал байгааг танилцууллаа. Үүнд: ХБНГУ-ын Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хуулийг санаачилсан, ажлын хэсэгт нь ажилласан хууль тогтоогчидтой уулзалт хийж, туршлага судлах, нийгмийн цахим сүлжээнд иж бүрэн судалгаа хийж, үүнтэй уялдуулан цуврал уулзалт, хэлэлцүүлгийг Байнгын хороотой хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Суурин төлөөлөгч Ниелс Хэгэвиш УИХ-ын гишүүдэд ХБНГУ-д 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хуулийн үзэл баримтлал, гол зарчмын талаар танилцуулга хийж, мэдээлэл өгөв. Мөн Байнгын хорооны даргын тавьж буй саналуудыг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Тэрбишдагва нар сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл