Цэс

Холбоо барих

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

Уг хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулсан.


Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар дурдаад дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авсан гэлээ.


Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тул хүлээн аач хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулж, хууль хэрэглээний тал дээр маргаан үүсгэхгүй байх нь зүйтэй гэж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уг хуулийн зохицуулалт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэлэлцэхтэй холбоотой асуудал биш, иргэдийн төлөөллийг хангах, нөхөн сонгууль явуулах боломжийг нээсэн зохицуулалт тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа иргэдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан бол даруй шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хуулийн нэр томьёо хоёрдмол утга илэрхийлж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэсэн байх магадлалтай бөгөөд Үндсэн хуулийн суурь зарчмыг ямар ч тохиолдолд хэрэгжүүлдэг байх зохицуулалтыг тусгаж холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хэмээн саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41,1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.’ гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгеад түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дугээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.


Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсан бөгөөд тус байнгын хороо Хууль зүйн байнгын хороотой адил Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг Иргэдийн хурлууд хэлэлцэн өөрчлөх тухай асуудал огт байхгүй. Шүүхийн шийдвэр бол эцсийнх. Нөгөө талдаа ард түмний сонголт бас эцсийн шийдвэр. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч гэсэн ард түмний сонголтоор гарч ирсэн албан тушаалтнууд. Энэ хүмүүсийг сонгох шийдвэрийг ард түмэн гаргасан. Тийм ч учраас ард түмний сонголт эцсийн шийдвэр. Гэм буруугийн асуудлыг ИТХ шийдэхгүй. Энд мэдээж шүүхийн шийдвэр эцсийнх байна. Энэ шийдвэр гарсантай холбоотой ард түмний мандатыг хүчингүйд тооцох шийдвэрийг тухайн ард түмний төлөөллийн байгууллага өөрөө гаргадаг байх утга Үндсэн хуульд шингэсэн байгаа. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн УИХ-ын тогтоолыг баталлаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.  

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцууллаа.


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн гэлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан нар хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан байна.


Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна хэмээсэн. Үүнд:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь анхдагч хууль бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгах;

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үйлчлэлд хамрах хүрээг өргөтгөх;

-Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх зарчмыг баримтлах;

-Ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөж, түүнийг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан үүрэг, хориглолт, хязгаарлалтаас гадна энэ хуулиар тогтоосон үйл ажиллагааг хориглох;

-Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг нэмж тусгах;

-Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх Ёс зүйн хороо, Дэд хорооны бүрэн эрхийг хуульчилж, бие даасан хараат бус зарчмаар ажиллахаар тусгах;

-Ёс зүйн хороо орон тооны тав, орон тооны бус 4, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах;

-Ёс зүйн хороо нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтны, Засгийн газар нь эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтны, Дэд хороо нь өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах доод шатны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх;

-Төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хорооны холбогдох дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, төрийн албанаас халах хүртэлх арга хэмжээг авахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой хууль зайлшгүй хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр, төрийн албанд олон жил болсоноо давуу тал болгочихоод түүгээрээ удирдлагадаа байгаа хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг бохир аргатай хүмүүс байна. Гомдол гаргасан ч хууль зөрчөөгүй учраас тэр хүмүүст хариуцлага тооцож болдоггүй. Байгууллагад нь шинэ удирдлага ирэхээр доор нь хор хутгаад бужигнуулдаг, хов зөөдөг, өөрсдөд нь үйлчлээгүй хүмүүсийн зэрэг дэвийн нэмэгдэл, цалин урамшуулал, амралт зэргээр нь дарамталж хяхан боодог бүлэглэл бий болсон байна. Ялангуяа үйлчилгээний салбарт. Ийм хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг хуулийн төсөлд тусгасан уу хэмээн лавласан.

Ажлын хэсгийн гишүүн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул, Таны асуултад дурдагдсан зүйл хуулийн төсөлд туссан. Төслийн долдугаар зүйлд байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байх гэсэн хэм хэмжээг тусгасан. Мөн 8.1.5-д бусдын өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг хясан боогдуулахгүй байх гэж, 8.1.2.4-д албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатай нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйлчилгээнд саад учруулах гэсэн хориглох зүйлийг оруулсан. Эдгээр үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн болбол 16 дугаар зүйлд заасан ёс зүйн хариуцлага хүлээнэ. Давтан үйлдвэл сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. Яригдаж буй энэ зүйл төрийн байгууллагын дотоод ёс зүйн асуудал дээр гардаг. Тийм учир хуулийн төсөлд нарийвчлан зохицуулсан хэмээн хариулав.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол төрийн бүх шатны ажилтан, албан хаагчдад зөвхөн ёс зүйн хариуцлага ноогдуулахад чиглэсэн хууль биш юм. Энэ хуулийн зохицуулалт нь нэг талаар төрийн байгууллага, албан хаагчдыг хамгаалах, нөгөө талаар төрд итгэх ард иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэнэ. Ямарваа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гарахад төрийн албаны дотроос шүгэл үлээх, мэдээлэх, мэдэгдэхээс эхлээд өөр хоорондоо уялдаатай бүхий л зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан заасан байна хэмээн онцолсон. Тэрбээр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол хамгаалах хууль юм гээд, төсөлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байдалд хяналт тавих чиг үүргийг Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо хэрэгжүүлэхээр заасан. Дэд хороо 20-оос дээш албан хаагч бүхий төрийн бүх байгууллагын дэргэд ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хэдийгээр 20-оос дээш тооны албан хаагчтай байгууллагад Ёс зүйн дэд хороо ажиллана гэж тусгаж байгаа боловч жижиг, том гэхгүй төрийн бүх байгууллагад ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хянаж байх ёстой гэж онцгойлон санууллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4292 төрийн байгууллага ажиллаж байгаа юм. Эдгээр байгууллагад бүгдэд нь Ёс зүйн дэд хороодыг байгуулж, тэдгээрийн үйл ажиллагааны уялдааг ханган, институтчилж, нэгдсэн удирдлагаар хангаж, систем болгож байж бид төрийн албан хаагчдаа хамгаална. Байгууллагын удирдлагын, эс бөгөөс улстөрийн дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг албан хаагч Ёс зүйн дэд хороондоо мэдээлж, гомдол гаргадаг. Гэтэл дэд хороо нь ажилладаггүй, дарга нь нэг хүн томилогдчихдог байдал өнөөдөр нэгэнт бий болчихсон байгаа. Үүнийг хуулийн төсөлд тодорхой болгож, шийдвэрлэж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга тайлбарласан.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор дэмжигдсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл