Цэс

Холбоо барих

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлаас долоо хоногийн Мягмар гарагт "Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр (2023.04.11) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Ёс  зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 

Уг хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал үзэл баримтлалынх нь  хувьд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын дарга 2022 онд 193 дугаар захирамжаараа хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, бүрэлдэхүүнд Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энхбаяр, Н.Энхболд нарын гишүүд ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 4 удаа, дэд ажлын хэсэг 1удаа хуралдаж, Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Төв, Дархан-Уул аймгуудад ажиллан, төрийн албан хаагчид, иргэдийн дунд 7 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэг, уулзалтаас 100  гаруй иргэн, төрийн албан хаагчдаас 261 санал, d.parliament.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал ирүүлснийг Ажлын хэсэг хүлээн авч, судлан Лхагва гарагт (2023.04.12) Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг анх 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа санаачлан, ажлын хэсгийг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулснаас хойш жил өнгөрч байна. Ажлын хэсэг Япон, Герман, Канад болон Европын орнуудын төрийн албаны ёс зүйн дүрэм, олон улсын нийтлэг стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан. Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш жил гаруйн хугацаанд хэлэлцүүлэг хийгдэж, анхны хэлэлцүүлэгт бэлэн болоод байгааг тэмдэглэв.  Мөн тэрбээр, Монгол Улсын 4232 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороо байгуулагдаж, төрийн албан хаагчдад хэм хэмжээ тогтоож ажиллахад  уг хуулийн зорилго оршиж байгаа гэв. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хуулийн төслийн талаар үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Тэрбээр, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн 2022 оны тайлангаар Монгол Улсад төрийн 4232 байгууллага ажиллаж байгаа бөгөөд үүнээс 25 ба түүнээс дээш албан хаагчтай 239төрийн байгууллага байна. Одоо мөрдөгдөж байгаа журмын зохицуулалтын дагуу 25 ба түүнээс дээш албан хаагчтай 2394 төрийн байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Харин 25-аас доош албан хаагчтай, заавал Ёс зүйн зөвлөл байгуулах шаардлагагүй хэдий ч өөрийн санаачилгаар Ёс зүйн зөвлөл байгуулан ажиллаж байгаа 567 төрийн байгууллага байна. Улсын хэмжээнд нийт төрийн 2961 байгууллагын дэргэд Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна.  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоо бүрдэх, Ёс зүйн зөвлөлийн ажиллах болон гомдол, мэдээлэл хянан шийдвэрлэх журам, гишүүдийн баталгаа, урамшуулал, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг нийтэд мэдээлэх, зөрчлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэрэг асуудал тодорхой болж, Ёс зүйн зөвлөлүүд үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ гэв. 


Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, уг хуулийн төсөлд тусгагдсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой ёс зүйн хэм хэмжээ, хүлээлгэх хариуцлагын талаар онцлон ярилаа.  Хуулийн үйлчлэх хүрээнд төрийн улстөрийн албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч болон Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хамаарна гэдгийг тодотголоо.

Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд:

- Гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох

- Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах

- Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах

- Төрийн албанаас халах 

- Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлагыг сайн дураар хүлээх

- Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх гэж тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл