Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 14 дугаарын тойм

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Протокол соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн бөгөөд тухайн хуулиудаар Канад Улсын Монреаль хотод 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” болон “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна. Иймд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаараас дээрх Протоколуудтай дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.  

Мөн эмхэтгэлийн дугаарт Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Тооллогын комисс байгуулах тухай, Т.Аюурсайханы Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай, Д.Бат-Эрдэнийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн  орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Жамъянгийн Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлжээ.  Байнгын хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Нямаагийн Энхболдыг сонгосон бол Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Даваажанцангийн Сарангэрэлийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталжээ. Мөн Тооллогын комисс байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан ба Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Төмөрбаатарын Аюурсайхан болон Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн  Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлжээ.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаараас Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн  орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2023 оны төсвийн тухайд дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл