Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.04.25) хуралдаан 14 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулж энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгыг төсөл санаачлагч гишүүн хийсэн юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим бодлогын асуудлыг шалган судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор байгуулан цахим шилжилтийн асуудлуудад төвлөрөн ажиллуулах шаардлага үүсээд байгааг төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа онцоллоо.
Учир нь манай улсад мэдээлэл, харилцааны технологи үүсч хөгжин улсын эдийн засаг, нийгэм, соёл, иргэдийн сэтгэлгээнд бодитой өөрчлөлт авчирсан хэдий ч хөгжлийн хурд, нөлөөлөл нь боломжит хэмжээ, хүрээнд хүрэхгүй байна. Гэтэл дэлхий дахинд мэдээлэл, харилцааны төхнологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загвар их байна. Иймээс дэлхий дахины энэхүү жишиг загвар, ололт туршлагад тулгуурлан улс орныхоо эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон, чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилготой “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж мэргэжлийн байгууллага, судлаачид, тогтоолын төсөл санаачлагч үзэж байгаа аж.
Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахим орчин дахь улсын олон иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах үүрэг бүхий ийм Түр хороог Улсын Их Хурлын бүтцэд байгуулснаар дээрх асуудлууд эерэгээр шийдэгдэнэ гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч танилцуулгадаа дурдаад энэ талаарх дэлхийн бусад орны сайн туршлага, жишиг загварын талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, А.Ундраа, С.Батболд, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Х.Баделхан, О.Содбилэг нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авав. Мөн гишүүдийн зарим асуултад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Харин тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Н.Энхболд, О.Содбилэг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонхи нь нэг талаар дэлхий дахинд мэдээлэл, технологийн хөгжил асар хурдтай хөгжиж, тухайн улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлж байгаа, нөгөө талаар сошиал орон зай ихээхэн тэлж, тэр хэрээр мэдээллийн аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг чухалчлагдаж байгаа ийм үед энэ салбарт тавигдах төрийн бодлого, эрх зүйн орчныг зайлшгүй шинэчлэх шаардлагатай тул тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Энэ үндсэн дээр эхлээд салбарын өнөөгийн нөхцөл байдалд цогцоор нь үнэлэлт дүгнэлт өгөх, үүндээ тулгуурлан цаашдын чиглэлийг тодорхойлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, энэ хүрээнд одоо байгаа дэд бүтэцдээ суурилан нэн түрүүнд цахим засаглалыг хэрэгжүүлж төрийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, төрийн байгууллага хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн болон зөөлөн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Түүнчлэн хэд хэдэн гишүүн энэ Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төрийн үйл ажиллагааг цахимжуулах, цахим засаглал, цахим бодлого, түүнийг хөгжүүлэхтэй холбоотой нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баимтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.
Шадар сайдын мэдээллийг сонсож, тогтоол гаргахаар болов
Дараа нь “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо.
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хийсэн танилцуулгадаа, гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2017 онд Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн Засгийн газрын 2016 оны 262 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө” болон газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинээр барих болон холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 20 гаруй дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдаж, Шадар сайд ахлан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд аймгуудад салбар зөвлөл байгуулснаар үйл ажиллагаагаа нийт улс орныг хамруулан зохион байгуулж ажиллах боломжтой болсныг дурдлаа.
Шадар сайдын танилцуулснаар манай орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлт байнга нэмэгдэж байгаа, сүүлийн хоёр жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл 1.3-2.1 дахин өссөн, зөвхөн 2017 онд гэхэд 36 мянган удаа газар хөдлөлт болсон, тэр дундаа 2.5-аас дээш магнитудын хүчтэй хөдлөлт 77 удаа болжээ. Энэ нь гамшгийн эрсдэл өндөр түвшинд байгааг харуулж байгаа аж.
Гэтэл өнгөрсөн онд аймаг, орон нутагт хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10.5 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогджээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай барилга гэхэд нийслэлд 349, орон нутагт 702, үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон орон сууц нийслэлд 234, орон нутагт 221 байгаа. Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулахаар 131 барилгыг 45 багц болгон хэгсэгчилсэн төлөвлөгөө хийж, тендер зарласнаас 19 багцын 60 барилгыг буулгаж шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Харин 26 багцын 71 барилгад хөрөнгө оруулах төсөл хэрэгжүүлэгчийг урьж сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан ч эдийн засгийн хямрал болон бусад шалтгаанаас болоод гүйцэтгэгчийн санал ирэхгүй байгаа аж.
Түүнчлэн улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 72 сургууль, 53 цэцэрлэг, 64 соёлын байгууллагын барилгыг 2019-2024 онд шинэчлэхэд 336.3 тэрбум, 99 эмнэлгийн барилгыг 2018-2021 онд шинэчлэхэд 222.1 тэрбум, аймаг, нийслэл дэх орон сууцны 275 барилгыг буулгаж шинээр барихад 570.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг Шадар сайд хэлж байв. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Энэ үндсэн дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ сарын 16-ний өдөр Улсын Их Хурал, Засгийн газарт хандаж зөвлөмж гаргасан талаар тэрбээр танилцуулсан юм.
Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, А.Ундраа, Н.Энхболд, О.Содбилэг нар Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Мөн хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар, холбогдох бусад албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулж, нэмэлт тодруулга, мэдээлэл өгөв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ц,Цогзолмаа, Х.Баделхан, Д.Сарангэрэл, А.Ундраа, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нар Шадар сайдын танилцуулга болон тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Байнгын хорооноос гаргах тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд төвлөрлийг сааруулахын тулд Засгийн газар, нийслэлээс бодитой, зоримог тодорхой шийдвэр гаргах цаг болсон, энэ талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй байна, гамшгаас хамгааалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт чухал шаардлагатай учраас зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хараад суухгүйгээр төр-хэвийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдэхэд анхаарах, гамшгийн хамгийн өндөр эрслэлтэй бүсээс эхэлж эрэмбэлэх замаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон сургууль, эмнэлгийн барилгыг буулгаж шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудлыг 2019 оноос эхлэн улсын төсөвт суулгах замаар үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай зэргийг хэлж байлаа. Иймээс Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.