Цэс

Холбоо барих

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

  Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

  Эхлээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг энэ үеэр горимын санал гаргаж, энэ дагуу санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжснээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.


  Дараа нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч Б.Энхбаяр гишүүн, төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нар тус тус танилцуулсан юм. Түүнчлэн гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 31 нь буюу 68.9 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох болон бусад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.


  Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэсэн боловсруулсан Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг Г.Занданшатар дарга танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Т.Доржханд гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Т.Энхтүвшин гишүүнийг Эдийн засгийн байнгын хорооны, Н.Энхболд гишүүнийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгажээ.


  Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 65.3 хувь нь дэмжснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

  Энэ өдрийн үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

  Төсвийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна.


  Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тооцох, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

  Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол, анхны хэлэлцүүлэг явуулсныг санал, дүгнэлтэд дурджээ.

  Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Ц.Идэрбат, Т.Аубакир нар асуулт асууж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Сангийн үйл ажиллагааг өөрчилж, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор гарах өөрчлөлтийн талаар тодруулсан Б.Жаргалмаа гишүүний асуултад Х.Болорчулуун сайд хариулт өглөө. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэх салбарын үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах юм. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан олон ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоо, ашигт ажиллагаагаар санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүсчээ.


  Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланд үндэслэсэн мэдээллээр 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тус сан нь 384 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 301 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгө бол 3.5 тэрбум төгрөг нь харилцах, 77.5 тэрбум төгрөгийн бараа, материал, 83 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа аж. Төсвөөс санхүүждэг, аж ахуйн тооцоогоор ажиллах боломжгүй болсон, санхүүгийн байгууллагуудтай бие даан харилцаа үүсгэж, ажил хэрэг явуулах боломжгүй байгаа тус санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдээс товарын болон үрийн улаан буудай хүлээн авч, хадгалах, боловсруулах, тариаланчдад олгох, үрийн буудайн шинэчлэлийн хүрээнд гадаад орнуудаас нийлүүлэгдэж буй үрийн буудайг хүлээн авах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх юм байна. Б.Баттөмөр гишүүн хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн зардлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, салбар дахь даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, сангийн өрийг барагдуулах арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Хөдөө аж ахуйг дэмжих сантай үүсгэсэн санхүүгийн харилцаандаа хариуцлагагүй хандсан иргэн, аж ахуйн нэгжийг “хар жагсаалт” буюу Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн, үүний хүрээнд зээл, төлбөрийн барагдуулалт сүүлийн үед нэмэгдэж байгаа гэх мэдээллийг салбарын сайд өглөө. Түүнчлэн ойрын хугацаанд тус сангийн зээлдэгчдийн мэдээллийг нийтэд ил тод болгохоор ажиллаж байгаагаа дурдсан. Хөдөө аж ахуйн салбарт даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд холбогдох хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.


  Сангийн өр, авлагын асуудлыг хэрхэх талаад тодруулсан гишүүдийн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулахдаа “Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хорооноос холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, батлуулахаар төлөвлөж байна. Тогтоолын төсөлд компанийн засаглалыг мэргэжлийн холбоод, хоршоодын оролцоог ханган нээлттэй зохион байгуулан цаашдаа олон нийтэд нээлттэй болгох, 10325 иргэн, аж ахуйн нэгжээс авах ёстой 219 тэрбум төгрөгийн авлагыг товлолт хугацаанд багтаан барагдуулах, Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулах явцад ямар нэг алдаа, хийдэл гаргахгүй, өр авлагыг бүрэн шилжүүлж, барагдуулахад анхаарч ажиллах чиглэлийг Засгийн газарт үүрэг болгохоор тусгана” хэмээн мэдээлэл өгсөн юм.



  Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд буудай хадгалах, агуулах элеваторын хүртээмж, ашиглалт болон тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахтай холбоотой асуудлыг тодруулахад “Угтаал, Сэлэнгэ, Дархан, Хөтөлд сангийн мэдлийн элеваторууд байдаг бөгөөд олон жил ашиглаж байгаа эдгээр элеваторуудад жил бүр төсвийн зардлаар урсгал засвар хийдэг” гэх хариултыг ажлын хэсгээс өгсөн юм. Ийнхүү гишүүд асуулт, хариулт авч дууссаны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийг хасахыг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж, хэлэлцүүлэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн. Ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл