Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.05) хуралдаан 10 цаг 36 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нараас 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Өнөөдөр манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой байна. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөөтэй ажилладаг. Үүнд жилдээ 1.8 тэрбум төгрөг төсөвлөдгийг онцлоод хос хоёр нохой жилд 16, хоёр жилд 128, гурван жилд 512, дөрвөн жилд 12000, зургаан жилд 67000 болж үрждэг бол хос хоёр муур жилд 24, хоёр жилд 376, гурван жилд 11000, дөрвөн жилд 370000, зургаан жилд 11 сая болж үрждэг. Өөрөөр хэлбэл, үржлийн хурд нь буудаад устгаж дуусгах ямар ч боломжгүй. Иргэд тэжээвэр амьтандаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх нь бага, үржлийн асуудалд хязгаарлалт хийдэггүйгээс олноор үржиж байна. Энэ нь байгаль орчинд тугамдсан асуудал болж хувирсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар хөрсний бохирдол, эзэнгүй муур, нохойг устгаж хөрсөнд булж байгаа зэрэг нь халдварт өвчин дэгдэх үндсэн шалтгаан болж байна гэсэн аюултай дүгнэлтийг гаргасан гэв.
Мөн тэрбээр, “Дэлхийн 120 гаруй орон гэрийн тэжээвэр амьтны хуультай. Хуулийн цаана нийгмийн эрүүл мэндийн шалтгаан, нөхцөл байна. Энэ нь амьтны хууль гэхээсээ илүү хүнээ бодсон хууль юм. Судалгаанаас үзэхэд орон сууцанд амьдарч байгаа иргэдийн 10 гаруй хувь, гэр хорооллын өрхийн 50 гаруй хувь нь муур, нохойтой гэсэн дүн гарсан. Нөгөөтээгүүр, гэрийн тэжээмэл амьтдын эздийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2020 онд хийсэн судалгаагаар 3850 хүн нохойд хазуулсаны 40 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна” гэв.
Монгол Улсад мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг Амьтны тухай хуулиар, мал, тэжээвэр амьтан (гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан), зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үлджээ. Иймд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулахаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулсан. Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төслийг дагалдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулсан байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Г.Дамдинням, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүд хуулийн төсөлд нохой, муураас бусад гэрийн тэжээвэр амьтад хамрагдах, эсэх тэжээвэр амьтдаа хүчирхийлсэн нөхцөлд эздэд нь хариуцлага тооцох зохицуулалт тусгасан талаар лавласан. Мөн хууль хэрэгжүүлэхэд шаардагдах эдийн засгийн тооцоолол болон эзэнгүй нохой, муурыг устгах зохицуулалтыг төсөлд хэрхэн тусгасныг тодруулж байлаа.
Хуралдаанд “Азтай савар” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулав. Тухайлбал, Ажлын хэсгээс хуулийн төсөлд нохой, муур төдийгүй гэрийн тэжээвэр бүх амьтад төдийгүй тэдний асран хамгаалагчийн эрх, үүрэг, тэжээвэр амьтдыг хүчирхийллээс хамгаалах зохицуулалтыг нарийвчлан тусгаж, хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээн хариулж байлаа. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу зардлын тооцоолол гаргасан. Иргэн, хуулийн этгээдээс гадна төрийн байгууллагад ямар чиг, үүрэг нэмэгдэх, хэдий хэрийн зардал гарах вэ гэдгийг нарийвчлан тооцоолсон. Тэрхүү тооцооллоор бүх төрийн байгууллагад чиг үүрэг, алба байгуулах зэрэг нэмэгдэх зардал байхгүй. Харин хүний тоо нэмэгдэхгүй ч, ажлын ачаалал нь 0.4 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. 0.4 хувиар ачаалал нэмэгдэхээр тухайн хүний цалин, хөлсний зардал гарна. Үүнийг ТЗ-6-тай адилтган тооцвол ойролцоогоор төсөвт 26.1 сая төгрөгийн зардал гарах магадлалтай. Эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахыг зөвхөн устгал гэж ойлгож болохгүй. Цаана нь эздийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үржүүлгийн зөвшөөрлийг олгох, хяналтыг сайжруулах зохицуулалт болон эзэнгүй амьтанд баримтлах зарчмуудыг төсөлд тодорхой тусгасан гэж байлаа.
Ингээд "Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо
Хуралдаан Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн мэдээллээр үргэлжилсэн.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан 2023 оны зорилтоо тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгааг дэд сайд мэдээлэлдээ онцлоод 2022 онд төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 376.0 мянган га-гаас 417.0 мянган тонн үр тариа, үүнээс 394.0 мянган тонн улаанбуудай, 215.5 мянган тонн төмс, 146.8 мянган тонн хүнсний ногоо, 165.2 мянган тонн тэжээлийн ургамал, 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан нь 2021 онтой харьцуулахад төмс 34.0 мянган тонноор, хүнсний ногооны ургац 28.2 мянган тонноор тус тус нэмэгдсэн нь УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүн гэж үзэж байна гэв.
Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, Тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны ургацаас Хөдөө, аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн 193.6 мянган тонн хүнсний улаанбуудай, 32.0 мянган тонн 10 нэр төрлийн хүнсний ногоонд холбогдох журмын дагуу нийтдээ 18.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. 2023 онд 393.0 мянган га-д үр тариа, үүнээс 369.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байгааг онцлов.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлэж, 2023 оны төсөвтөө хүүгийн хөнгөлөлтөд зориулан 135.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, 2-5 жилийн хугацаатайгаар арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнээс Газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нийтдээ 120.0 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд үүнээс үр тариа, төмс, тос, тэжээлийн ургамал тариалагчдад 90 тэрбум, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдад 30 тэрбум төгрөг хуваарилагдаж байна. Хөрөнгө оруулалтын зориулалтаар 222.6 тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүнээс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 37.0 тэрбум, үр тарианы таримлын үтрэм байгуулахад 14.5 тэрбум, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулахад 50.0 тэрбум, инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад 40.9 тэрбум, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах, усжуулахад 27.1 тэрбум, нийслэл хот болон 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй байгуулахад 90.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулж байгааг салбарын дэд сайд мэдээлэлдээ дурдсан.
Улаанбуудайн үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан манай оронд тариалж нутагшуулсан болон хөрс, цаг уурын ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг ОХУ-ын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импотоор авч дотоодын нөөцтэйгөө нийлээд нийтдээ 16.5 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор ажиллаж байна. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн 50 хувийг төмс, хүнсний ногоо тариалагчдад буцаан олгох бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулан 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв. Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн дүнгийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж, шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна гэв.
Мөн тэрбээр, Хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийтдээ 4.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий ил болон хүлэмжийн ногооны үр нийлүүлж, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан олгоно. Хүнсний нарийн ногоо тариалах 20 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй, 500-2500 тонн багтаамжтай механикжсан агуулахын нэг маягийн зураг төслийг үндэслэн орон нутагт баригдах газар тариалангийн зориулалттай барилга байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Усалгаатай газар тариаланг 2030 онд 100.0 мянга га-д хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 40.0 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв аймагт 6.0 мянган га талбайд услалтын систем байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байгааг дэд сайд мэдээлэлдээ дурдлаа.
Мал аж ахуйн салбар хүндхэн өвлийг давсныг М.Ганхөлөг дэд сайд онцлоод одоогийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 90.0 хувийн зарцуулалттай байна. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц өвсний 83.0 хувь, тэжээлийн 76.0 хувийг зарцуулан одоогийн байдлаар 4.6 мянган тонн өвс, 2.8 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар 27.0 сая эх мал төллөхөөс 3.6 сая эх мал төллөж, 3.5 сая төл бойжиж байна. Төллөлт 13.1 хувьтай, төл бойжилт 96.8 хувьтай байна. Он гарсаар том малын зүй бусын хорогдол 821,307 толгой болж оны эхний 71.1 сая малын 1.1 хувийг эзэлж байна гэж байлаа.
Засгийн газраас малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж найман аймагт туулах чадвар сайтай 16 автомашин олголоо. Улсын нөөцөөс 14 аймагт 1,171.0 тонн өвс, 8,624.0 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олголоо. Ховд, Архангай, Завхан аймгуудад 30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин шатахууны дэмжлэг үзүүлэв.
Мах бэлтгэгч 12 аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 53.3 тэрбум төгрөгийн зээлийг олгож нийслэлийн хаврын махны нийлүүлэлтэд зорилуан 7.8 мянган тонн мах бэлтгэв. Адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр, үхрийн 13.0 мянган тонн махыг экспортлохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд 2022 онд 16.1 мянган тонн мах, 2023 он гарсаар 21.2 мянган тонн мах экспортод гараад байна. Мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан нэг шийдвэр нь амьд малын экспорт юм. 2022 онд 28503 толгой, 2023 он гарсаар 24,540 толгой хонь, ямаа, адуу экспортлогдсон хэмээн салбарын дэд сайд мэдээлэлдээ дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн аймаг сум, орон нутагт малчид худалдан авах тэжээлийн нөөц байхгүй, өвс, тэжээлийн хангамжийн үнийг нэмэгдүүлэхгүй байх боломж бололцоо байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан монгол төмсний га-гийн ургац буурсан, өвчлөл нэмэгдэж хэлбэр дүрс алдагдаж буй энэ үед арга хэмжээ авах шаардлагатай талаар хөндөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын дагуу боловсруулах хуулийн төслүүд удаашралтай байгааг дурдаад салбарын яам хуулийн төслүүдээ мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн саналыг нь тусгах, яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатайг онцлов. Төрөөс тус салбарт үзүүлж буй үйлдвэрлэлийн дэмжлэгийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам арилжааны 10 банктай гэрээ хийснийг тодотгоод баялаг бүтээгчдийн зүгээс тэрхүү дэмжлэг эзэддээ хүргэхийг хүссэнийг уламжлахын зэрэгцээ энэ чиглэлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд зөв, шуурхай хүргэхэданхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.