Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.04/ хуралдаан 11 цаг 28 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүнээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилсэн 2012 оноос хойших 10 жилийн хугацаанд Төсвийн хууль нийт 10 удаа батлагдах ёстойгоос тодотгол хийж, нэмэлт, өөрчлөлт оруулснаар 23 удаа баталжээ. Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна. Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Үүнээс үзвэл төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй байгааг харж болохоор байна гэв.
Түүнчлэн төсвийг боловсруулах, түүний үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх гол үндэслэл болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч өөрчлөх нөхцөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийж иржээ. Тодруулбал, Төсвийн хуультай хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа.
Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг бодитой тодорхойлоогүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий Улсын Их Хурал бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хяналт тавих, хариуцлага тооцох нөхцөлийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Энэ агуулгаар төсвийн хуулийн дээрх зарчмуудыг хангах зорилгоор төсөв, санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, олон жилийн алдаа сургамжийг засаж залруулах үүднээс хуулийн төслийг боловсруулахдаа төсөв, санхүү эдийн засгийн чиглэлийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, эдийн засагчид, хувийн хэвшил, иргэний болон төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг үндэслэн төсвийн шинэчлэлийн бодлого болон дэвшүүлж байна гэж хууль санаачлагч танилцуулж байлаа.
Үүнтэй холбоотойгоор төсвийн холбогдох 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан Улсын Их Хуралд өргөн барилаа. Хуулийн төслүүдийг 30 гаруй гишүүн дэмжин гарын үсэг зурж, хамтран санаачлагчаар оролцож байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг зохих ёсоор шударгаар биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Улсын Их Хурал манлайлж, Засгийн газар хамтраад төсвийн шинэчлэлийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулж, энэ чиглэлийн судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдаар хийлгэж, сайтар хэлэлцүүлэх боломжтой, эсэхийг илүүтэй лавлаж байлаа.
Хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, төсвийн шинэчлэлийн талаар цогц бодлогыг хэрэгжүүлэхтэй санал нэг байгаагаа илэрхийлээд өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь төсвийн суурь асуудлыг хөндөж, төсвийн хяналт, сахилга бат, хариуцлага, олон нийтийн оролцоо, төлөвлөлтийг сайжруулахдаа холбоотойгоор эхний үе шатанд хийж байгаа ажил гэв.
Мөн гишүүд төсвийн шинэчлэлийн нэг хэсэг нь Төсвийн тухай хуулийн өөрчлөлт гэдгийг тодотгохын зэрэгцээ төсвийн бүрэлдэхүүн хэсэг бүр нь төсвийн шинэчлэлд чиглэгдэх ёстой гэж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан төсвийн суурь шинэчлэлийг хийхдээ бусад салбарын уялдаа, холбоог хангаж, төсвийн шинэчлэлийг том зургаар нь харсан үндэсний хөтөлбөр боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулаад дэмжигдсэний дараа томоохон Ажлын хэсэг гаргаж асуудлыг тал бүрээс нь ярилцах нь зүйтэй. Мөн төсвийн шинэчлэлийн талаар хөтөлбөр гаргахыг бүрэн дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд "Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпораци болгоход өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашдаа төрөөс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжсэн бодлогыг ямар хэлбэрээр дамжуулан явуулахаар болсныг тодрууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж байгаа. Цаашдаа бүх үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компаниар дамжуулан явуулна гэдгийг тодотгоод мөнхүү “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд уг сангийн өр, авлага, үндсэн хөрөнгө бүх асуудлыг тухайн компанид шилжүүлэх зохицуулалтыг тусган боловсруулахаар болсон гэлээ.
Мөн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд нэгдүгээрт, төрийн өмчит компанийн засаглалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох, хоёрдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбоотойгоор тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанид бүрэн шилжүүлэх, гуравдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, төлбөрийг ангилан, улсын төсөвт төлөх өр, төлбөрийг нь хугацаа зааж барагдуулах, сангийн үйл ажиллагааны чиглэлийг тус компанид бүрэн шилжүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлтэй зохицуулалтыг тусгахаар болсон гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, санал хураалт явуулав. Тухайлбал, “төслийн 3 дугаар зүйлийг хасах” зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.
Хуралдаан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах" мөн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5-т заасны дагуу "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо боловсруулж, хэлэлцүүлэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь тус тус дэмжив.
Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.