Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Нямбаатар нарын гурван гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Боловсролынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульднэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулав. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.
2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуулийн энэ зохицуулалтыг өөрчилж, сум, дүүргийн Засаг дарга нь өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлдөг байх төслийг санаачилжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг нар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн албаны тогтвортой байдлыг хангах, сургалтын чанарыг дээшлүүлэхэд энэ төсөл ач холбогдолтой учраас дэмжиж буйгаа хэллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан боловсролын салбарт өөрчлөлт хийхийг зорьж байгаа бол хийсэн шиг хийх нь чухал, тиймээс сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн томилгооны асуудлыг энэ салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн утгаар нь харж цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол нар асуудлыг сум, дүүрэг талаас нь биш томилгоог хийдэг тогтолцоог хэрхэн зөв эрүүл болгох, боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгахад анхаарах, хуульд нөхөөс хийх байдлаар алаг цоог нэмэлт, өөрчлөлт оруулах биш асуудлыг цогцоор нь шийдэхэд салбарын яам нухацтай, тооцоо судалгаатай хандаж бодлогын шинэчлэлээ оруулж ирж шийдүүлэх шаардлагатайг хэллээ.
Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар, Д.Ганболд нар өгсөн хариултдаа, урьд нь хэвийн явж байсан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн томилгоог 2012 онд оруулсан хуулийн өөрчлөлтөөр дээд шатны Засаг даргаас хамааралтай болгосноор орон нутгийн эрх мэдлийг хумьж, боловсролын байгууллагыг улстөржихөд хүргэсэн гажуудлыг засах үүднээс хуулийн төслийг санаачилсан гэдгээ тодотгов. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа гишүүдийн зарим асуултад хариулт өгч байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ хуулийн төслийг салбарын яам, Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн атал салбарын яамны байр суурийг сонсохгүйгээр асуудлыг оруулж ирж байгаа нь зохимжгүй юм. Сүүлийн хэдэн жилд л гэхэд боловсролын салбарын хуулиудад 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Иймээс зарим асуудлыг сугалж авч өөрчлөх биш асуудлыг сууриар нь харж, боловсролын багц хуулийг цогцоор авч үзэж шинэчлэх шаардлагатай гэж салбарын яам үзсэний үндсэн дээр ажлын хэсэг гаргаад байгаа. Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.
Түүнчлэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар, Х.Болорчулуун, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 29 нь буюу 52.7 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжээгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 80 хувьд олгох төслийг дэмжлээ
Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоохоор” заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна.
Холбогдох байгуууллагуудын гаргасан судалгаагаар манай улсын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж, 10.0 пунктээр нэмэгдсэн байна. Иймээс ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Энэ үндсэн дээр хүүхдинй мөнгөн тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд тэтгэмж авах хүүхдийн тоо одоогийнхоос 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэх бөгөөд амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Мөн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргаад харин мөнгөө авах эсэхийг нь иргэд өөрсдөө мэдэхээр нээлттэй болгож болох эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд төсөвт тодотгол хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх нь хууль зөрчихөд хүргэх юм биш үү гэдгийг тодруулсан. Эдгээр асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:-Засгийн газар ОУВС-тай анх хөтөлбөр тохирохдоо хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 60 хувьд нь олгохоор тохирсон. Харин ядуурлын түвшин өссөн, нөгөө талаар эдийн зарим нааштай ахиц өөрчлөлт гарч байгаа учраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох саналаа хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа талуудад тавьж дөрвөн сар ярилцсаны эцэст тохирч чадлаа. Бүх хүүхдэд мөнгө олгохоор шийдээд мөнгөө авах эсэхийг иргэд өөрсдөө мэдэх сонголттой болгох санал санаачилга гаргаасай гэж хүсч байна. Төсөвт тодотгол хийх эсэх тухайд энэ асуудал нь одоогийн хуульд нийцэж байгаа, учир нь төсвийн багц хоорондын зохицуулалт хийгдэх учраас төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийг давж гардаг тогтоол гэж байх ёсгүй, тиймээс төсөвт зайлшгүй тодотгол хийх ёстой, энэ чиглэлээр Төсвийн байнгын хороо байр сууриа тов тодорхой илэрхийлсэн гэж үзэж байгаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хүүхдийн мөнгө нь халамжаас гадна хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого учраас цаашид үе шаттайгаар бүх хүүхдэд олгох асуудлыг хэрэгжүүлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хүүхдийг аливаа хэлбэрээр ялгаварлахгүй байх олон улсын конвенцид манай улс нэгдэн орсон, иймээс хүүхдийн мөнгийг халамж биш хүүхдээ дэмжих бодлого гэсэн зарчмын үүднээс харж бүгдэд нь олгох ёстой, хүүхдийн мөнгөний талаар Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөл, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тогтоолын төсөл хоёрыг хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хүүхдийн мөнгийг 12 жилийн хугацаанд олгоход нийтдээ 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Иймээс энэ мөнгө хүн амаа өсгөх, хүүхдээ хөгжүүлэх бодлого байж чадав уу, халамж болж ирэв үү гэдгийг эргэн харж, үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Бас тэр их мөнгө хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд хүртээмжтэй байж чадсан эсэх гэдэг асуудал яригдана. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй, хуримтлагдсан асуудал маш их байна. Иймээс бодлогынхоо араас улстөржихгүйгээр эрүүл зөв ухаанаар харж, өөр өнцгөөс хандах нь зүйтэй гэлээ.
Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганболд, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 53.2 хувь нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариуг сонссоны дараа өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.