Цэс

Холбоо барих

“Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн ажилтнуудад зориулсан сургалт, уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлж байна.


Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн ажилтнуудад зориулсан сургалт, уулзалтыг өнөөдөр (2023.03.31) Төрийн ордонд зохион байгууллаа.


Сургалт, уулзалтыг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, “Энэ оны нэгдүгээр сард Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. “Хууль тогтоомж сурталчлах төв” нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад хамтран ажиллана” гэлээ.


Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва “Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл, эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Б.Төгсцэнгэл “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, түүний зохион байгуулалт, хуралдааны дэг, хууль батлах үе шат” сэдвээр, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн Сургалтын албаны референт Р.Дэлгэрмаа “Парламентын боловсрол хөтөлбөрийн агуулга, онцлог” сэдвээр, Цахим парламент, инновацын газрын референт С.Баясгалан ““D-Parliament” цахим платформыг ашиглан хууль тогтоомжийн төсөлд санал өгөх нь” сэдвээр тус тус танилцуулга хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.



Мөн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар нар өөрсдийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.


Сургалт, уулзалтын төгсгөлд “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцаж, санал солилцов.

“Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгуулснаар хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох иргэдийн идэвх санаачилга нэмэгдэж, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төлөөллийн байгууллага болоод иргэд хоорондын нээлттэй, эргэх холбоо бүхий харилцааг нэмэгдүүлэх давуу талтай болох юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас цаашид бусад аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл