Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.29) хуралдаан 10 цаг 18 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаад төслийн талаарх зарим зүйл, заалтыг сайтар нягталж, чамбайруулах шаардлагатай гэв. Ажлын хэсгийн саналын дагуу хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.  

Хуралдаан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлангаар үргэлжилсэн.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны "2021 оны аудитын сэдэв батлах тухай" 6 дугаар тогтоолын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголт сэдэвт аудитыг гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжийг гаргасныг дурдлаа.

Мөн аудитад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага түүний харьяа хамгаалалтын захиргаад, Богд хан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар болон төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын 2019-2022 оны гуравдугаар улирлын байдлаарх газар олголт, газар ашиглахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг түүвэрлэн хамруулсан гэв.

Аудитын дүнгээс товч танилцуулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын байдлаарх мэдээллээр улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га, эзэмших хэлбэрээр 1407 байршилд 2364.5 га, ашиглах хэлбэрээр 1775 байршилд 5848.3 га газар олгосон байна. Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд 361 га, эзэмших хэлбэрээр 3659 байршилд 16109.9 га, ашиглах хэлбэрээр 1870 байршилд 131285.3 га газар олгосон байна. Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна. Богд хан уулын дархан цаазат газарт 40853.5 сая, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1089.9 сая, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа боловч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй байна. Тухайлбал, 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 46.6 тэрбум төгрөг зарцуулахаас хуулийн хэрэгжилт 26.2 хувьтай байгааг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулгадаа онцолсон.


Мөн тэрбээр аудитын дүгнэлтийг танилцууллаа. Үүнд; Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын зорилтыг хангаж чадахгүй байна. Түүнчлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрын улсын бүртгэл, тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгах ажлыг хэрэгжүүлэхдээ төрийн бусад байгууллагатай уялдаа холбоогүй ажилласнаас газрын мэдээллийн нэгдсэн санг бүрэн хөтлөөгүй мэдээлэл зөрүүтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, 1997-2022 оны хооронд 15 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч холбогдох харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаагаас нийгэм, эдийн засаг, хот төлөвлөлт, хүн амын өсөлт зэрэг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байгааг дурдаж байв.

Аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд хоёр асуудал толилуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 10 зөвлөмж өгсөн гэв.

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Дамдинням,  Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Г.Ганболд, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс аялал, жуулчлалыг дэмжих хүрээнд тусгай хамгаалалттай газар болон байгалийн цогцолборт газарт жуулчны түр буудаллах отог, цэг байгуулах эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлж буй талаар болон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөр төлөөгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч буй, эсэх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг Газрын тухай багц хуультай хамтатган хэлэлцэх шаардлагатай талаар илүүтэй тодруулж байлаа.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд жуулчны түр отоглох цэг байгуулахтай холбоотойгоор Аялал, жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг онцлов. Түүнчлэн эдийн засгийн эргэлтийг сайжруулах хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад отоглох цэг байгуулах, тус цэгийг менежментийн хүрээнд хуулийн этгээд буюу хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, нөгөөтээгүүр салбарын яам болон тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтын захиргаад нь зөвхөн хамгаалалт, хяналтын ажлаа хийх чиг үүрэг хүлээх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.  

Мөн тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Газрын багц хуультай хамтатган өргөн барих болсон үндсэн суурь шалтгаан нь газартай холбоотой асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд газрын харилцаатай холбоотой хуулиуд тус тусдаа батлагдсанаас хууль хоорондын хийдэл, зөрчлүүд үүссэн. Иймд зайлшгүй Газрын багц хуультай өргөн барих нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газар дээр ярилцсан" гэв.   


Харин Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд хариултдаа, өмнө нь өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Хэрэв зөвлөмжийн дагуу ажил хийгээгүй нөхцөлд дараагийн шатны сахилгын арга хэмжээ авахаар Төрийн аудитын тухай хуульд заасан. Бид  41.9 тэрбум төгрөгийн актыг тавьсан бөгөөд төлбөрийн актыг заавал хэрэгжүүлэх хуулийн заалттайг онцолж байлаа.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчны хийдэл, зөрчлийг арилгах талаар салбарын яам Байгаль орчны багц хуулиа яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг хүсээд аудитын дүгнэлттэй холбогдуулж Байнгын хорооны тэмдэглэлээр тодорхой үүрэг өгч, зөвлөмжийн хэрэгжилт хэр байгаа талаар дахин хэлэлцэж, хуралдахыг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл