Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр /2023.03.28/ зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ш.Адьшаа, Б.Бейсен, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон холбогдох салбарын яам, агентлаг, төрийн, төрийн бус байгууллагын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчид, малчид тариаланчдын төлөөлөл зэрэг нийт 70 гаруй хүн оролцсон юм.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг дэмжин “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд таван зорилт, 41 үйл ажиллагааны чиглэл, 116 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Үүнээс 2023 онд 223,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд энэ зардлыг хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбар болон мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарт зориулахаар тусгасныг тэмдэглээд Хүнсний хангамж, аюулгүй байдлын хууль эрх, зүйн орчныг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө төсөлд тусгах оновчтой санал, зөвлөмжийг авахаар уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцолсон.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ хүрээнд Байнгын хороо идэвх санаачлагатай, манлайлан ажиллаж буйг дурдлаа.
Монгол Улсад нийт 188 мянга гаруй малчин өрх байгаа бөгөөд малын тэжээлийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, шимт чанарыг сайжруулах, тооноос чанарт шилжүүлэх, биотехнологийн ололт, инновацыг нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, органик түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, тогтвортой эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн шинэчлэл үгүйлэгдэж байгааг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Түүнчлэн Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж, байгаль, цаг агаарын гэнэтийн эрсдэлээс үүдэн гарах эдийн засгийн хохирлыг бууруулах, тариалангийн болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, тухайн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, баталгаатай сортын үрээр тариалалт хийх, дотоодын хэрэгцээг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах болно. Бид хөнгөн үйлдвэрлэлийн салбарын түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, түүхий эдийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах цогцолбор байгуулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, кластераар хөгжүүлэх замаар экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. Олон улсад өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хүрээнд аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн. Эдийн засгаа хөгжүүлэхдээ аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх зорилгоо болгон энэ чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна гэж байлаа.
Байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртээмжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хэлэлцүүлэгт оролцогчдын оролцоо нэн чухал гэдгийг онцолсон.
Хэлэлцүүлэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн "Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд боловсруулж буй хууль тогтоомжийн явц байдал"-ын талаарх илтгэлээр үргэлжлэв.
Тэрбээр илтгэлдээ, Тогтоолын хүрээнд Хөдөө аж ахуйн тухай, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай, Тариалангийн даатгалын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг 10 хууль, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг шинэчлэн боловсруулж буйг дурдсан.
Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дээрх Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй ажлын явц байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр илтгэлдээ, “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тус салбарын яамны чиг үүрэгтэй холбоотой хоёр үйл ажиллагаа, таван арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ нь хүнсний давс олборлож, дотооддоо боловсруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудал юм. Энэ хүрээнд ХХААХҮЯ-тай хамтран “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан стратегийн 16 орд дээр нэмж давс, шүүний 15 ордыг стратегийн ордод хамруулах УИХ-ын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий хамгаалалтын газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуульд тодорхойлсон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс давстай нуурыг гаргаснаар давс олборлох эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж байна гэв.
Мөн “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30 гектар, сумын төвд 10 гектар агро ойн аж ахуйг тус тус байгуулах, жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж ойн зурвас байгуулахтай холбоотой үйл ажиллагааны хүрээнд дөрвөн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсаныг илтгэлдээ дурдсан.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт А.Амаржаргал ""Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний тухай" сэдвээр илтгэл тавьж, энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан.
Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид сэдвийн хүрээнд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжихэд хууль эрх зүйн орчин нэн чухал. Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг том зургаар харж, төрийн бүх бодлоготойгоо уялдуулж, Монгол Улсын Үндсэн хууль, Хүнсний тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлагатайг онцлов.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Улсын Их Хурлаас батлагдсан тогтоолын хэрэгжилтийг хангахад салбарын яам үйл ажиллагаагаагаа эрчимжүүлэхийг онцгойлон анхааруулаад, хүнс, хөдөө аж ахуй нь технологийн цаг хугацаатай салбар тул тариалалтын цаг дөхсөн энэ үед хөтөлбөрийн хүрээнд олгох зээл нь аж ахуйн нэгжүүдэд хүрч буй, эсэх салбарын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хариултдаа, Боловсролын тухай хууль дээр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь тулгамдсан асуудал болсныг дурдаад өнөөдөр малын эмчээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн дундаж нас 45-аас дээш болсон. Уг асуудалд салбарын яам болон Боловсролын яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн боловсролын төвтэй хамтраад ажлын хэсэг байгуулан, энэ чиглэлээр судлагаа хийн ажиллаж байгааг дурдсан. Мөн Засгийн газрын 63 дугаар тогтоол 02 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан. Энэ нь арилжааны банкнуудад байгаа зээлийн 13 хувьтай тэнцэх хэмжээний нэгжийг сайдын багцаас олгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд 135 тэрбум төгрөгийг олгохоор ажиллаж байна гэсэн тайлбарыг өгсөн.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зохицуулагч Н.Энхтөр, хүн, мал амьтан, ургамал, байгаль орчин нь эрүүл байх буюу нэг эрүүл мэнд гэдэг зарчмыг хэрэгжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулахыг хүсээд энэ чиглэлээр гарсан олон улсын байгууллагуудын зөвлөмж, удирдамжуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх нь зүйтэй гэв. Мөн сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүнсээр дамждаг бичил биетийн тэсвэржилтийн асуудлыг ярьж байна. 2019 онд гэхэд хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилтийн улмаас 5 сая шахам хүн нас барсан. Үүнийг чимээгүй тахал хэмээн ДЭМБ, НҮБ-ын ХХААБ-аас зарлаад байна. Иймд хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, бичил биетний эсрэг эмийн хэрэглээг хариуцлагатай, болгоомжтой хэрэглэх талаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа.
Мөн Монголын сав, баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Хүнсний хангамж, аюулгүй байдалтай салшгүй холбоотой асуудал нь хүнсний сав, баглаа боодол гэдгийг онцлов. Дотооддоо хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах зорилтын хүрээнд зургаан төрлийн бүтээгдэхүүний баглаа боодол нь чанарын шаардлага хангаж, 13 нь учир дутагдалтай гэсэн судалгааны дүн байдгийг дурдлаа. Түүнчлэн хүнсний савыг саваар солих төсөл хөтөлбөр буюу иргэдийн сүү, цагаан идээ болон гэр хорооллынхны ундны усны савыг солих, махны сав баглаа боодлыг шинэчлэх ажлыг сэргээх саналтай байв.
Хэлэлцүүлгийн хааж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Б.Саранчимэг үг хэлсэн. Тэрбээр, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг хууль, тогтоомжийн төсөлд тусгахыг онцлоод баялаг бүтээгчид Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд хийх гэрээ удаашралтай хүндрэлтэй байдгийг дурдсан тул салбарын яамдууд өөрсдийнхөө тавих шалгуурыг тодорхой болгох нь зүйтэй гэв. Түүнчлэн энэ удаагийн хэлэлцүүлэг үр дүнд хүрнэ гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолд тусгасан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд салбарын яамд манлайлан ажиллаж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулах шаардлагатайг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.