Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Ажлын хэсэг байгуулж, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.28) хуралдаан 11 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монголбанкнаас 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.


Монголбанкнаас төслийг “маш нууц” тэмдэгтэй ирүүлсэн боловч 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу эрдэнэсийн сангийн асуудал төрийн нууцаас хасагдсан болохыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулаад, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр ил болгохоор заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг нээлттэй хэлэлцэв. Төслийн талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцууллаа.

Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 878 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Төв банкны Дэд ерөнхийлөгч тус сангийн 2022 оны төсвийн гүйцэтгэл болон үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заасныг үндэслэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг анхны хэлэлцүүлэгээр нь батлуулахыг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Н.Ганибал, Д.Батлут, Б.Энхбаяр нар ажиллана.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Төмөр замын тээврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг нийт 6 удаа хуралджээ. Ажлын хэсэг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ ажлын хэсгийн гишүүдийнхээ болон ажлын дэд хэсгээс бэлтгэсэн болон D Parliament-аар хуулийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн санал нэг бүрийг авч хэлэлцэж, шаардлагатай асуудлуудыг хуулийн төсөлд тусгах болон хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог жигдлэх зэргээр зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг бэлтгэсэн гэв.


Төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн газрын асуудлаарх төсөлд тусгагдсан зохицуулалтыг илүү сайжруулан тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзэж, холбогдох өөрчлөлтийг тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна. Мөн төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид хооронд болон суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хооронд төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, тасралтгүй байх зарчмыг алдагдуулахгүй байхаар гэрээ байгуулан ажиллаж байх нь зохистой хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгахаар саналууд боловсруулжээ. Төмөр замын зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээг, түүнчлэн суурь бүтцийн болон хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр төсөлд тусгагдсан асуудлыг зарчмын хувьд дэмжих, харин Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу холбогдох зөвшөөрлийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсний дараа дагаж мөрдөх нь зүйтэй, харин төмөр замын салбарын үйл ажиллагаан дахь тусгай зөвшөөрлийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгодог байх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзжээ. Төмөр замын суурь бүтэцтэй нэг түвшинд огтлолцох авто зам болон бусад төрлийн суурь бүтцийн зураг төслийг боловсруулахдаа төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцдөг байхаар, төмөр замаас салбарлах салбар замыг холбох, өргөтгөх, салаалахтай холбоотой асуудлыг суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн саналыг харгалзах асуудлыг төсөлд тусгахаар холбогдох саналын томьёоллыг мөн бэлтгэжээ. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд төмөр замын тээврийн тарифыг оновчтой тогтоох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий төмөр замын тээврийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллах, тээвэрлэгч нь тээврийн тарифыг цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгслээр олон нийтэд албан ёсоор мэдээлэхгүйгээр мөрдөхийг хориглох зэрэг асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн төсөл батлагдсан тохиолдолд хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох томьёоллыг төсөлд тусгахаар саналын томьёоллыг бэлтгэсэн байна.



Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, тодруулга хийсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн томьёолсон саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.


Ийнхүү Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтож, Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл