“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн зорилт нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. Мөн тус хуулиар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зохион байгуулж, арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолын хавсралтаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг баталсан байна. Допингийн эсрэг үндэсний дүрмийн гол зорилго нь спортод допинг хэрэглэхтэй тэмцэх ажлыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн хүрээнд Монгол Улсад удирдах, зохион байгуулах, хянах, допинггүй спорт бий болгоход оршино. Түүнчлэн уг дүрмээр Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад Олон улсын холбоо, спортын холбоод, наадам зохион байгуулагч байгууллага, Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо болон спорттой холбоотой төрийн захиргааны ажилтнууд оролцохыг хориглосон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.