Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултаар нэгдсэн хуралдаан үргэлжилэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Засгийн газраас экспортыг дэмжих, импортын бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад сангуудыг багасгах, төрийн өмчийн компаниудад хяналт тавих иргэдийн оролцоог сайжруулах арга хэмжээ авч буй эсэх, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Засгийн газрын тусгай сангуудад тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, шалгалт орж цэгцэлсэн. Сангуудын талаар төсвийн гүйцэтгэлийн үеэр аудит хийдэг учраас энэ талаар тодруулж болно. Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үед, эсвэл Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөл өргөн мэдүүлэх үед эдгээр санд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэх талаар ярилцахад сангийн талаар тодорхой хариулт авах боломжтойг тэмдэглээд Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах нь зөв. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хариуцлага тооцож, хянаж ажиллаж эхэлсэн гэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дарханы замын бүтээн байгуулалтад нийлүүлсэн нийт цементээс алга болсон 36 мянган тонныг хэрхэн зарцуулсныг тодруулахын зэрэгцээ Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллах үеэрээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэсэн амлалт нь хэзээ ажил болгохыг лавлав.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд, 90.2 тонн цемент авч ашигласан. Гэвч 126 мянган тонн цементын асуудал өчигдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан. Бид хянаж, шалгаж байна. Эргээд асуудлыг тодруулж хариуй өгье гэв.
Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох гурван яамны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Төр дэд бүтцийг гүйцэтгээд үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн чиглэлтэй явж байгааг хариултдаа онцоод Орхон суманд зоорийг улсаас барьж өгөх боломжгүй. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас зоорь барьж байгуулахад хөнгөлттэй зээл олгож байгаа гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Төслийн хүрээнд хэчнээн хүнийг ажлын байраар хангаж, ядуурлаас гаргасныг лавласан төдийгүй гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн ургашуулахаар ажиллаж буйг асууж байлаа.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж, 148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан тул цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна хэмээн хариулсан.
Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр, 2022 онд 111 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 85 мянган иргэн хамрагдаж, 40 орчим мянган иргэний ажлын байр хадгалагдсан. 30 мянган иргэнийг ажилд зуучилсан гэсэн юм.
Ийнхүү Засгийн газрын гүйцэтгэлийн хэрэгжилт, тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Дараа нь Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд С. Бямбацогт танилцуулсан. Тэрбээр, Монгол Улс 1993 оноос эхлэн автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэн, өнөөдрийн байдлаар олон улсын 7 гэрээг соёрхон баталж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 12 улстай байгуулан, олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байна гээд энэхүү ажлын хүрээндНэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээрийн нэг болох Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-т нэгдэхээр “Хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг боловсруулсныг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэх тухай Засгийн газрын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр тэмдэглэл гарсан.
Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн үйлдвэрлэл болон ашиглалт, аюулгүй байдлын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг олон улсад мөрдөгдөж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын техникийн дүрмүүдийн дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүсэх зэрэг давуу талыг онцолсон юм.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.
Тэрбээр, Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцлоод төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 70 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, монголчуудын хамгийн их унаж буй “Приус” маркийн машины янданг сольж, түүнийг БНХАУ-д экспортолсон байна. Машины чухал эд ангийг сольж, экспортлоод шүүлтүүргүй яндан тавиад явж байгааг юу гэж ойлгох вэ, мөн хар замаар 45 тонноос дээш даацтай машиныг явуулахгүй, шороон замаар явахыг шаарддаг байна. Бүтээн байгуулалтын хүч болсон машиныг ингэж хязгаарлаж болох уу гэж асуулаа.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Нийслэлд явж буй автомашины хэдэн хувь нь бүрэн бүтэн байгаа нь эргэлзээтэй. Тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал буюу “Приус” маркийн нүүрсэн яндантай асуудал онцгой анхаарал татаж байна. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төсөл санаачилсан. Ойрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар хуурамч сэлбэг болон стандартын бус машин техник хилээр орж ирэхийг хориглох боломжтой болно. Мөн манай улсаас стандартын бус машин, сэлбэг хэрэгсэл гарахгүй байх харилцан хамтын ажиллагааг зөвшөөрч, хамтын ажиллагаа баталгаажиж байгаа хэмээн ойлгож байна хэмээн хариулав. Мөн даац хэтэрсэн машин автозамаар зорчсноор зам эвдэрч, улмаар осол гарч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Эхний ээлжинд даац хэтрүүлэхгүй байх бодлогыг баримталж байна. Олон улсын хэмжээнд нийт жин 44 тонн, нэг тэнхлэгт 11 тонн гэх стандартыг баримталж байна. Зам тээврийн хөгжлийн яам даац хэтрүүлэхгүй байх талд ажиллана гэв.
Ингээд “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг Байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд "УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.