Цэс

Холбоо барих

“Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр (2023.03.22) зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнцпунцаг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал болон салбарын яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 70 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалсан.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын хэмжээнд 586 гол ширгэж, 480 булаг хатаж, 1522 булаг шандны эх ширгэсэн гэх тоо баримт байдаг. Энэ нь бэлчээрийн доройтлыг илэрхийлэх хамгийн энгийн баримт гэдгийг тэмдэглээд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад Бэлчээрийн тухай хууль төдийгүй мал аж ахуйн менежментийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлагатайг онцолсон.

Мөн бэлчээрийн асуудлыг том зургаар харж, технологийн дэвшил, засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэрэг төрийн бүх бодлоготойгоо уялдуулж,  Иргэний хууль, Газрын тухай болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан юм.  


Хэлэлцүүлэг Монголын Бэлчээрийн нэгдсэн холбооны бэлчээрийн судалгаа хөтөлбөрийн захирал, доктор Д.Булгамаагийн “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, талхагдал, шалтгаан, үр дагаврууд” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн.

Монгол орны бэлчээрийн доройтлын тухай эрдэм шинжилгээний өгүүлэл, бодлогын баримт бичиг, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өргөнөөр мэдээлдгийг дурдаад тухайлбал,  Нью Йорк Таймс сонинд  “Зарим судалгаагаар Монгол орны бэлчээрийн 70 хувь доройтсон” хэмээснийг онцолж байлаа. Мөн монголын бэлчээрийн сэргэх чадвар, өнөөгийн төлөв байдлын талаар танилцуулсан. 

Тухайлбал, Монгол Улс  нийт 156,411.6 км2 талбайн нутаг дэвсгэрийн 109,584.6  буюу 70.1 хувийг бэлчээр эзэлдэг. Бэлчээрийн боломжит даац нь хонин толгойд шилжүүлэхэд 86 сая байх ёстой ч 2022 оны байдлаар малын тоо  120,7 сая хонин толгой болсон талаар илтгэлд дурдсан байв.


Илтгэлийн дүгнэлтэд, сүүлийн 30 жил бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн 65 хувь өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон. Бэлчээрийн ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн зохицуулбал нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа сэргэх боломжтой байгааг дурджээ. Мөн жил бүрийн мониторингийн дүнгээс үзэхэд ялангуяа ойт хээрийн бүс, хот, суурин газрын орчмоор доройтол илүү эрчимчиж, малынхаа тоо толгойг даацанд тохируулах, зохицуулах шаардлагатайг малчид ойлгодог, ярьдаг ч юунаас эхлэх, даацаас хэтрээд байгаа малаа хэрхэх талаар ойлголт мэдлэг нимгэн байгааг тэмдэглэжээ. Бэлчээрийн доройтлыг даган малчдын амьжиргаа,  мал аж ахуйн үйлдвэрлэл тогтворгүй, бүтээмж доогуур, уур амьсгал, байгалийн эрсдэлд улам бүр эмзэг болж байна. Бий болсон нөхцөл байдал залуучуудыг мал маллахаас татгалзахад хүргэж, малчдын залуу халаа тасарч байна. Төрийн өмчийн бэлчээр дээр хувийн өмчийн мал ахуй эрхэлж байгаа өнөөгийн нөхцөл байдалд дүйцүүлэн эрх зүйн харилцаа, хоёр талын эрх үүргийн хэм, хэмжээг тогтоож өгөх нь бэлчээрийн доройтол, цөлжилтийг хязгаарлах хамгийн чухал хөшүүргийн нэг болж байгааг дурдсан байлаа.

Дараа нь хуульч, доктор М.Сувд Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх боломж, шийдэл:” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, бэлчээр ашиглалтын эрх зүйн орчинг бүрдүүлж буй олон улсын туршлага, чиг хандлагын талаар хөндөж Киргиз,Туркменстан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтаас дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын бэлчээр ашиглалтын тулгамдсан асуудлын талаар мэдээлэв.


Ирээдүйд байгаль экологийн сүйрэл учирч болзошгүйг урьдчилсан судалгаагаар байгаль, цаг уурын өөрчлөлт, төрийн бодлого, хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч хөрс бэлчээрийн үржил шимийн бууралт 2050-2060 он гэхэд 3-4 дахин эрчимжих хандлагатайг Олон улсын мэргэжлийн байгууллагууд тогтоосон гэж байв.

Монгол Улсын бэлчээр харилцааны эрх зүйн зохицуулалтад баримтлах бодлого хэт ерөнхий, зарчим тодорхой бус, бэлчээрийн талаарх олон улсын хөгжлийн чиг хандлагыг баримтлахгүй хоцрогдсон, бэлчээрийг төлөвлөлттэй ашиглах талаарх заалт тодорхойгүй, бэлчээрийг үнэ төлбөргүй сорчлон ашиглах нөхцөлийг буй болгосон байгааг тэмдэглэв. Мөн бэлчээрийн хил заагийг тогтоох зарчим, үндэслэлийн талаарх зохицуулалтгүй, малчин, мал бүхий иргэн, малчин өрх, тэдний хамтын зохион байгуулалтын хэлбэр, түүний эрх зүйн статусыг хуульчилсан зохицуулалт тодорхойгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бэлчээр зохион байгуулалтын талаар тусгагдаагүй газар зохион байгуулалтын төлөвлөлтийг баталж хэвшсэн, бэлчээрийн харилцааны удирдлагын тогтолцоо оновчтой бус, бэлчээрийн харилцаанд оролцогч субъектэд хүлээлгэх хариуцлага сул байгааг дурдсан юм.


Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын Газрын Хууль, эрх зүйн газрын зөвлөх Г.Болормаа “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр, Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа хөдөөгийн тогтвортой хөгжлийн суурь болсон бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байна гэсэн үүднээс үзэл баримтлалыг Хууль тогтоомжийн тухай хууль болон хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын хүрээнд бусад хууль тогтоомжтой нийцүүлэн төсөл боловсруулсныг дурдав. 

Тухайлбал,  Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь таван зүйлтэй аж.  Мөн хуулийн төсөлд бэлчээрийн даац гэсэн тодорхойлолтыг нэмэхээр тусгасан. Энэ бэлчээрийн даац гэдэг нь  бэлчээрийн ургамлын өсөлт хөгжил, нөхөн сэргээлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр тодорхой хугацааны туршид тухайн газарт бэлчээж болох мал амьтны тоог гэж тодорхойлсон гэж байлаа. Иргэний хууль болон Газрын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжид бэлчээрийн ашиглалт хамгаалалттай холбогдсон зарим харилцааг зохицуулсан байдаг ч бэлчээрийг хамгаалах, зүй зохистой ашиглах,байгалийн жамаараа нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлж бий болгох асуудлыг бүрэн зохицуулж чадаагүй. Үүнтэй холбогдуулаад бэлчээрийг цаашид гэрээгээр ашиглуулах талаар төслийн үзэл баримтлалд тусгасан гэх зэргээр хуульд тусгасан нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.


Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, сэдвийн хүрээнд 20 гаруй оролцогч асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.  Оролцогчид хуулийн төсөлд бэлчээрийн нэгж талбар болон бэлчээрт ямар нэгэн барилга байгууламж барихгүй гэдгийг хэрхэн ойлгох талаар тодруулж байлаа. Мөн хөдөөгийн тогтвортой хөгжил, малчдын тулгамдсан асуудал болсон бэлчээрийн доройтол, ашиглалт хамгаалалтыг хөндсөн хуулийн төсөл боловсруулж, салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж, санал солилцож буйд талархал илэрхийлээд Монгол Улсын бэлчээрийн доройтлын үнэлгээнүүд олон янзаар гарч байгаа тул бэлчээрийн доройтлыг үнэлэх нэгдсэн аргачлалтай болох, бэлчээрийн доройтлыг зогсоосны дараа сайжруулах арга хэмжээ авах, бэлчээр хариуцсан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарах, цаг үеэ олсон энэ хуулийг яаралтай хэлэлцүүлэн батлуулах шаардлагатай зэргээр санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бэлчээрийн ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээх, бэлчээр ашиглагчийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль гаргах зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад энэ хуулийг батлахад олон хүчин зүйл бий. Сургалт, сурталчилгаа сайн хийх шаардлагатай тул хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг, оролцоо чухал гэдгийг мэдэгдэв.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчдоос олон чухал санал гаргасныг хуулийн төсөлдөө нэмж тусган, сайжруулж, цаашлаад дэд ажлын хэсгийг байгуулна. Ирэх 04 дүгээр сарын 20-н гэхэд төслийн эцсийн хувилбар, журмын төслүүдээ Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу бэлчээрийн чиглэлийн хуулийг батлуулахад салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд бүгд хамтарч ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл