Монгол Улсын Их
Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид Монгол
Улсад албан айлчлал хийхээр өнөөдөр /2018.04.29/ Улаанбаатар хотод хүрэлцэн
ирлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири, Парламентын даргын хувийн нарийн бичиг Браян Прунти, БНХАУ дахь Ирландын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Шэйн Раян болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв.
Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын Монгол Улсад хийх албан айлчлал 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэнэ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах юм.
Айлчлалын хүрээнд ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.