Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар: Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах, доройтлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай

 


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр (2023.03.22) зохион байгуулав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд хөдөөгийн хөгжлийн амин чухал асуудал болсон бэлчээрийн доройтлын учир шалтгааныг судалж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж буйд  талархал илэрхийллээ.  Мөн Монгол Улсын хэмжээнд 586 гол ширгэж, 480 булаг хатаж, 1522 булаг шандны эх ширгэсэн гэх тоо баримт байдаг. Энэ нь бэлчээрийн доройтлыг илэрхийлэх энгийн бодит баримт гэдгийг дурдаад бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах, доройтлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэв.

Түүнчлэн бэлчээрийн доройтолд хүрсэн үндсэн гурван шалтгаан нөхцөлийг дурдсан. Тухайлбал, Дэлхийн дулаарлаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн бэлчээр газарт бус байгалийн тогтоцод хүчтэй нөлөөлж байна. Монгол Улс  энэ асуудлыг шинэ шатанд гаргаж тавих нь зүйтэй гэв. Мөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт нь зах зээлийн шилжилтийн үетэй давхцаад шилжилт хөдөлгөөний улмаас малын тоо толгой өсөж байгааг дурдахын зэрэгцээ хотжилт, даяаршлын нөлөө нь малчдын хотонд хүрч залуу малчдын халаа үгүй болж байна. Иймд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан Бэлчээрийн тухай хууль төдийгүй мал аж ахуйн менежментийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

Бэлчээрийн асуудлыг том зургаар харж, технологийн дэвшил, засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэрэг төрийн бүх бодлоготойгоо уялдуулж, Иргэний хууль, Газрын тухай болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж байлаа.

Мөн тэрбээр, орчин үеийн технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үеийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулаад өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нүүдлийн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх талаарх бодлогыг боловсронгуй болгож, тооноос чанарт шилжих, цогц өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Мал аж ахуйн салбарт бодлогын цогц өөрчлөлтийг хийж байж, бэлчээрийн зохицуулалт давхар шийдэгдэнэ гэдгийг  цохон тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт Монголын Бэлчээрийн нэгдсэн холбооны бэлчээрийн судалгаа хөтөлбөрийн захирал, доктор Д.Булгамаа “Бэлчээр нутаг-Монголын ногоон хөрөнгө”, хуульч, доктор М.Сувд Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх боломж, шийдэл:”, УИХ-ын Тамгын Газрын Хууль, эрх зүйн газрын зөвлөх Г.Болормаа “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл боловсруулах” сэдвээр тус тус илтгэл тавина. Хэлэлцүүлэг үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл