Цэс

Холбоо барих

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.04.23-29/

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирал, Даниел Пассон, Германы ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Др.Кристиан нарыг хүлээн авч уулзан дээд боловсролын шинэчлэл, судалгааны их сургуулиудыг кампус хэлбэрээр байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бэхжүүлэх гэсэн хоёр чиглэлд Герман улсын туршлага, хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 2018.04.23 http://www.parliament.mn/n/nteo

 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран “Дэлхийн номын өдөр”-т зориулсан номын өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2017.04.23 http://www.parliament.mn/n/b3eo

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Тэрбишдагва нар ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ниелс Хэгэвишийг хүлээн авч уулзлаа. Талууд нийгмийн цахим сүлжээний нэгдсэн зохицуулалт, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцов. 2018.04.24 http://www.parliament.mn/n/rfeo

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Хэвлэл мэдээллийн эвслийн төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. 2018.04.24 http://www.parliament.mn/n/rjeo 


УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, биелэлт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. 2018.04.24 http://www.parliament.mn/n/d3eo 


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоох нь бодлогын хувьд оновчтой шийдэл гэж үзсэн байна. 2018.04.24 http://www.parliament.mn/n/dfeo


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь 2018 оны 1-р сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Хуралдаанаар үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулгыг сонсов. 2018.04.24 http://www.parliament.mn/n/dpeo

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулиудын хэрэгжилтийг шалгаж, Консерваторын үйл ажиллагаатай танилцан санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо. Дараа нь Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнгүй. 2018.04.24 http://www.parliament.mn/n/dteo

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улаан ажиллахаар болов. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Хуралдааны төгсгөлд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.04.24 http://www.parliament.mn/n/dieo 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Засгийн газраас энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 2018.04.24 http://www.parliament.mn/n/d7eo

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газарт ажиллав. 2018.04.24 http://www.parliament.mn/n/rbeo 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 2018.04.24 http://www.parliament.mn/n/rpeo

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбар дахь сургалтын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 2018.04.25 http://www.parliament.mn/n/rteo

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлав. 2018.04.25 http://www.parliament.mn/n/rieo

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Фэрриг хүлээн авч уулзан талууд улсын төсвийн зарцуулалт, ил тод байдал, олон нийтийн оролцоо зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. 2018.04.25 http://www.parliament.mn/n/r7eo

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтад өөрчлөлт оруулахаар тогтов. 2018.04.25 http://www.parliament.mn/n/gteo


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулав. 2018.04.25 http://www.parliament.mn/n/fpeo

 

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцав. 2018.04.25 http://www.parliament.mn/n/f7eo 


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд, хатагтай Сушма Сваражийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзав. 2018.04.25 http://www.parliament.mn/n/gpeo

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баимтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо. 2018.04.25 http://www.parliament.mn/n/gieo

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзан хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг уулзалтын эхэнд дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Элчин сайдтай санал солилцов. 2018.04.26 http://www.parliament.mn/n/8ieo

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлийг хийж, бүхэлд нь батлав. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлав. Үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 2018.04.26 http://www.parliament.mn/n/8peo

Улсын Их Хурлын 2018 оны хаврын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 2018.04.26 http://www.parliament.mn/n/efeo

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон Афганистан, Бутан, Киргизстан, Мьянмар, Лаос, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 2018.04.27 http://www.parliament.mn/n/jbeo

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Боловсролынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульднэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 2018.04.27 http://www.parliament.mn/n/e7eo

  

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан асуулгын дагуу “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтанд оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” мэдээлэл сонсов. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.  Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.04.27 http://www.parliament.mn/n/jieo

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэйтөлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийхээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. 2018.04.29 http://www.parliament.mn/n/j7eo 

 УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл